Хошууч генерал Д.Ганзориг: Рот, салааны захирагч нар сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-30 10:51:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын рот, салааны захирагч нарын зөвлөгөөн энэ сарын 28-29-нд болов. 


Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг оролцогчдод цахимаар үүрэг чиглэл өгөхдөө “Юуны өмнө Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 77 жилийн ойн баярын мэндийг рот, салааны захирагч нартаа хүргэе. Яагаад та нарт генерал цолтны баяр хүргэж байна гэхээр та нарын дунд ирээдүйд Зэвсэгт хүчнээ удирдаж, генерал хэмээх эрхэм цолны эзэн болох цэргийн алба хаагчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцолжээ.


Тэрбээр мөн, "Рот, салааны захирагч гэдэг Зэвсэгт хүчний хамгийн эрхэм бөгөөд хүндтэй ажил. Цэргийн жинхэнэ алба хаахаар ирсэн олон аавын хүүг удирдан чиглүүлдэг энэ ажлыг сайн гүйцэтгэж чадвал сайн офицер болж чаддаг. Би ч гэсэн та нар шиг салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж байлаа. Ажил хийхэд алдаа, оноо гаралгүй яах вэ. Миний бие та нар шиг залуухан офицер явахдаа сургалтынхаа төлөвлөгөөг зөрчөөд хугацаат цэргийн алба хаагчдадаа биеийн тамирын хичээл орууллаа гэж шийтгүүлж л явсан. Гэхдээ энэ нь алдаа гаргаж болно гэсэн үг биш. Аль болох алдаа гаргахгүйн төлөө явах ёстойг л илэрхийлж байна. Өнөөдөр бид нэг л зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Офицер, ахлагчийн мэргэжлийн ур чадвар, хандлага, үүрэг гүйцэтгэлээс Зэвсэгт хүчний хөгжил, дэвшил шууд хамааралтай. Түүний нэг нь манай бүтээлч хандлагатай, хөдөлмөрч офицер, ахлагчийн ачаар зэвсэглэл, цэргийн техникийн сэргээн сайжруулалт өнгөрсөн оноос бодит ажил хэрэг боллоо.


Даян дэлхийн энхийг сахиулах үйлсэд монгол цэргүүд шалгарч, дэлхийн орнуудын зэвсэгт хүчнээс өндөр үнэлгээ авсан хэвээрээ байна. Улс орныхоо бүтээн байгуулалтыг нуруун дээрээ үүрч, төмөр замын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж байна гээд амжилтуудаа тоочвол бишгүй бий. Гэхдээ бид амжилтаас илүү алдаа, оноондоо дүгнэлт хийж, ярилцах ёстой. Энэ зөвлөгөөний зорилго ч үүнд оршиж байгаа" -г тэмдэглэв.


Харин рот, салааны захирагч нарын заавал мөрдөж ажиллах зарчмын талаар ярихдаа, "Эн тэргүүнд хугацаат цэргийн алба хаагчидтай зөвхөн Цэргийн нийтлэг дүрмийн хүрээнд харилцах хэрэгтэй. Цэргийн ёсоор захирч, хүний ёсоор хайрлаж, хүнлэг энэрэнгүй бай. Салааны бүрэлдэхүүнээ тодорхой хугацааны дараа ямар амжилтад хүрсэн байхыг урьдчилан харж, төлөвлө. Ингэхдээ заавал биелэгдэх боломжтой үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангуул. Өөртөө итгэх итгэлийг нь бий болгож, албандаа дасах, албаараа бахархах үзлийг нь нэмэгдүүл. Хугацаат цэргийн алба хаахын ач холбогдлыг нь сэтгэл зүйд ойлгуулаагүй бол шилдэг дайчин тодорч гарахгүй. Сэтгэл зүйн хичээлийг өдөр бүр оруул. Даарсан ч даараагүй юм шиг, өлссөн ч өлсөөгүй юм шиг, эх оронч үзэл, хүмүүжилтэй, зөв төлөвшилтэй тийм нэг хат суусан сэтгэл зүйг дайчдадаа төлөвшүүлж чаддаг бай.


Хоёрдугаарт, та рот, салааны захирагч бол сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Тухайн хугацаат цэргийн алба хаагчийнхаа нутаг ус, гэр бүлийнх нь байдлаас гадна хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй нь мэддэг бай. Хүсэл мөрөөдлийг нь хурцалж, урам өгдөг ухуулагч бай.


Гуравдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд социологийн судалгаандаа дүн шинжилгээ хийж, алдаа, дутагдал байвал хүлээн зөвшөөрч, засаж чаддаг байх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй яваад байвал том асуудалд хүргэх эрсдэл байдгийг та бид санаж байх хэрэгтэй.


Дөрөвдүгээрт, өөрийгөө хөгжүүлж, чадваржуулахад анхаар. Сайн удирдагч л сайн мэргэжилтнийг бий болгож, хүмүүжүүлдэг юм. Улс орныхоо батлан хамгаалахын чадавхыг нэмэгдүүлэхэд рот, салааны захирагч та нарын үүрэг асар их шүү” гээд тэдний цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, зөвлөгөөндөө идэвх санаачилгатай оролцохыг захисан юм.

Холбоотой мэдээ