Мурсид төрийн нууц задруулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-19 14:48:47

КАИР. /Anadolu/. Египетийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухамед Мурсид төрийн нууц задруулсан хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноолоо. Тус улсын шүүх өчигдөр ийм шийдвэр гаргажээ.

Мурси нь Катарын тагнуулынханд нууц бичиг баримтуудыг өгсөн хэргээр яллагдсан хүмүүсийн нэг юм.

Катарт төвтэй “Al Jazeera” телевизийн хоёр сэтгүүлчид цаазаар авах  ял оноожээ. Тэд шүүх хуралд биечлэн оролцоогүй аж.
Мөн Мурсигийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөнтэй холбоотой дөрвөн яллагдагчид цаазын ял оноосон байна.

Мухамед Мурси нь “Арабын хавар” бослогын дараа 2012 онд явуулсан анхны ардчилсан сонгуульд ялан Египетийн ерөнхийлөгч болж байсан юм. Гэсэн хэдий ч 2013 онд цэргийн эргэлтээр түүнийг түлхэн унагаасан билээ.

“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг Египетийн эрх баригчид террорист бүлэглэлүүдийн жагсаалтад оруулаад байгаа юм.

 Тус хөдөлгөөнийхөн, ардчиллыг дэмжигч идэвхтнүүд болон засгийн газрыг шүүмжлэгчдийг Египетийн одоогийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сисигийн хүчнийхэн дарсаар байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ