Зая гэгээнтний цогцолборыг аймгийн түүх соёлын төв болгох ажлыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-29 18:07:25

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд Зая гэгээнтний цогцолбор болон аймгийн Музейн гол танхимын урд байрлах дэлхийд цор ганц үзмэр болох "Чонон хөшөө"-тэй танилцлаа. 


Зая гэгээнтний цэцэрлэгт хүрээлэн нь 2013 онд Архангай аймгийн түүхт 90 жилийн ойд зориулан байгуулж байсан. Аймгийн Засаг даргын санаачилгаар тухайн цогцолборыг сэргээн засварлаж, Зая гэгээний долоон дүрийг мөнхөлсөн хөшөө бүхий түүхэн дурсгалт цогцолбор болгох, соёлын өвд бүртгэгдсэн гандан, музейн барилга байгууламж, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, засварлаж бүтээн босгохоор төлөвлөж байгаа юм. Аймгийн удирдлагууд цогцолборын ажилтай газар дээр нь танилцаж, талбай орчмыг нийтэд нь аймгийн түүх соёлын төв цогцолбор болгох ажлыг эхлүүлэхээр боллоо. 

Үргэлжлээд Архангай аймгийн төвийн музейн гол танхимын урд байрлах "Чонон хөшөө"-тэй танилцав. "Чонон хөшөө"-г археологич Ц.Доржсүрэн 1956 онд Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас олж байжээ. Аймгийн музейд 1957 онд авчирсан бөгөөд үзмэрийн ангиллаараа хосгүй үнэт үзмэрт ордог "Чонон хөшөө"-ний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ. Энэхүү хөшөө нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн дэлхийд цор ганц биет дурсгал юм. 


Одоогоор нар салхинаас хамгаалах бодис цацсан байгаа бөгөөд цаашид хамгаалалтын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах тухай аймгийн удирдлагууд онцлон дурдлаа.

Холбоотой мэдээ