Асадын засгийн газрын эсрэг ажиллагаа явуулахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-19 13:18:51

ВАШИНГТОН. /АР/. Сирийн иргэдийг дарлаж байгааг зогсоохын тулд тус улсын засгийн газрын хүчнийхэнд агаараас цохилт өгөх ажиллагаа явуулахыг засгийн газартаа АНУ-ын хэдэн арван дипломатч уриалсан гэсэн мэдээлэл байна.

Сирийн талаарх АНУ-ын бодлогыг шүүмжилсэн санамж бичигт Төрийн департаментын дунд түвшний голдуу 51 албан тушаалтан гарын үсэг зурсан тухай “New York Times” сонин мэдээллээ.

Гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа зөрчиж байгааг зогсоохын тулд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газарт шахалт үзүүлэхээр цэргийн ажиллагаа явуулахыг албаны хүмүүс уриалжээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчдыг дарах нь эн тэргүүний зорилт гэж Обамагийн засаг захиргаа мэдэгдэж байсан юм. Харин Асадын засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас АНУ татгалзаж байгаа билээ.

Сирид “Лалын улс”-ын босогчидтой тэмцэж буй АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчнийхнийг бөмбөгдөж байна гэж ОХУ-ыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер шүүмжилсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ