Судалгаагаар хүн амын 1.2 хувьд “COVID-19”-ийн эсрэг бие илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-29 12:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр, 2020 оны 10 дугаар сарын 15-наас хийж эхэлсэн, “COVID-19” халдвартай холбоотой судалгааныхаа талаар АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Баттогтох танилцууллаа.


ДЭМБ-аас Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн бөгөөд уг судалгаанд хоёр хот, найман аймгийн 5000 хүнийг хамруулжээ.


Тэрбээр, “Бид хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг судалж байна. Судалгааг нэг хүнийг жил орчим дагаж судлах загвараар явуулж, нийт 5000 хүний сорьцод шинжилгээ хийхэд хүн амын маш бага хувь буюу 1.2 хувьд “COVID-19-”ийн эсрэг бие илэрсэн дүр зураг гарсан. Эсрэг бие үүссэн хэсэг нь насны бүлэг болон орон нутагт ялгаагүй тархалттай харагдаж байгаа. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа. Энэ нь эрт хариу арга хэмжээ авч, хөл хорио тогтоож, хилээ эрт хааснаараа хүн амын дунд халдвар хамгааллыг маш сайн барьж чадсан гэсэн дүнг харуулж байна" гэв.


 Одоо тус судалгааны багийнхан эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байгааг судалж байгаа аж. Мөн өвчлөл нас баралтын хамаарал, эсрэг биеийн хэмжээг харьцуулан судалж байгаа бөгөөд судалгааны ажил 2021 оны 11 дүгээр сард дуусах юм.

Холбоотой мэдээ