Мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-19 11:37:45

Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдсан орон сууцны  барилгуудын заримынх нь ам метр талбай тогтоосон хэмжээнээс зөрүүтэй байгаа талаар оршин суугчид гомдол гаргасны дагуу  2015 оны сүүлчээр тус аймгийн ИТХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг шалгасан.

Ялангуяа Сайншанд сумын гуравдугаар багийн Мааньзавын 43, 44 дүгээр байрны өрөөнд хэмжилт хийхэд иргэдэд борлуулсан үнээсээ 1-3 м2 зөрүүтэй байгаа зөрчил илэрснийг албаныхан тогтоож барилгын зураг төсөв хийдэг мэргэжлийн компаниар дахин хэмжилт хийлгэж баталгаажуулах шаардлагатай гэжээ.

Үүний дагуу Улаанбаатар хотод  барилгын зураг төсөв хийдэг компанийн мэргэжлийн инженерүүд энэ сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж хүсэлт гаргасан оршин суугчдын байрны ам метр талбайд хэмжилт хийж байна.

Мэргэжлийн компани орон сууцны нэг ам метр талбайг 2000 төгрөгөөр тооцож хэмжилтээ хийж буй. Мэргэжлийн компанийн дүгнэлтийн дагуу хохирсон иргэд орон нутгийн засаг захиргаанд хандах, улмаар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ