Хоршоо байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-29 10:27:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороо уг хуулийн төслийг энэ сарын 28-нд хэлэлцэж, хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганаар шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг “Энэ хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахыг дэмжив. Төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгон өөрчлөн найруулахаар болов. Тус зүйлд, “Хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, Хоршоодын холбоо байгуулж болно. Хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг ТББ байна” хэмээн зааж буй юм. Түүнчлэн, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагч нь хоршоог үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн заалтыг дэмжлээ. Мөн төслийн 13.2 дахь хэсэг буюу хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөхийг дэмжлээ.


Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Мөн чуулганаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.


Тогтоолд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх, Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар заажээ. Мөн хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгохыг Засгийн газарт даалгасан байна.

Холбоотой мэдээ