Иргэний агаарын тээврийн компаниуд эрсдэлтэй онцгой үүргийн нислэгийг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын иргэний агаарын тээврийн салбарт сүүлийн үед 3 шинэ үйл явдал болсныг ИНЕГ-аас онцолж байна. Үүнд, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК анх удаагаа Африк тив рүү нислэг үйлдсэн нь орж байна. Тус компани "Оюутолгой" компанийн захиалгаар ӨАБНУ-ын Йоханнесбург хот руу захиалгат нислэг үйлдсэн нь таван тивд хүрсэн түүхэн нислэг болжээ.
Хоёр дахь үйл явдал нь иргэний агаарын тээврийн "Хүннү Эйр" компани тахлын халдвар өндөр Энэтхэг улс руу эрсдэлтэй онцгой үүргийн нислэг үйлдээд иржээ. Тус компани өнгөрсөн оны 7 дугаар сард Афганистанаас энхийг сахиулагчдыг авчирч байсан юм. Гурав дахь үйл явдал нь мөн иргэний агаарын тээврийн хувийн хэвшлийн нэг "Аэро Монголиа" компани "Айрбус" компанийн шинэ онгоцтой болж парк шинэчлэл хийж байна. Тун удахгүй Монголыг зорих агаарын шинэ хөлөг будагтаа орсон мэдээлэлтэй байна. "Аэро Монголиа" компани шинэ онгоцтой болсноор Японы Токио, Осака, Фукуока хотууд руу нислэг үйлдэх талаар мэдээлж байна.
Тус компанийн шинэ "A319" маркийн онгоц одоогоор Их Британи улсад лого байршуулж будаж дууссаны дараа тавдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирэх аж. "Аэро Монголиа" компани өмнө нь "F100", "E145" гэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцтой байсан бол одоогийн шинэ онгоц A319 нь харьцангуй том буюу 141 хүний суудалтай бөгөөд 871 км/ц хүртэл хурдлах чадвартай аж. Дунджаар 6940 км замыг нэг удаа туулах чадвартай уг онгоц 11,900–12,500 метр өндөрт хөөрөх бөгөөд 40 тонн жинтэй юм.