Япон, Энэтхэг халдвартай тэмцэх чиглэлд хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-27 11:17:58

ТОКИО. /NHK/. Япон, Энэтхэгийн Ерөнхий сайд нар коронавирусний цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой даваа гарагт утсаар ярьжээ.


С.Ёшихидэ Энэтхэгт энэ сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байсан боловч Япон дахь халдварын тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдэд түлхүү анхаарахын тулд түр хойшлуулсан юм.


Тэрбээр Н.Модитой утсаар ярих үеэрээ Энэтхэг дэх халдварын байдал хурдан сайжирна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.


Мөн чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд АНУ, Австралийг оролцуулсан дөрвөн талын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.


Үүний зэрэгцээ С.Ёшихидэ кибер аюулгүй байдал, дижиталчлал болон нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Мөн талууд Японы Ерөнхий сайдын Энэтхэгт хийх айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан тохиромжтой үед зохион байгуулахаар тохиролцжээ. 

Холбоотой мэдээ