Газар тариалангийн өсөлтийг хадгалах, шувууны аж ахуйг дэмжих хууль

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-04-26 14:21:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг  баталлаа (2021-4-23). Хоёр хуулийн хэрэгжих хугацаа өөр өөр байна. Тухайлбал, НӨАТ 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл  хэрэгжинэ.  Харин гаалийн албан татвар (ГАТ)-аас чөлөөлөх хууль 2022 оны 1-р сарын 1 хүртэл хэрэгжих юм. Гэхдээ газар тариалангийн зориулалттай “трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-т  хамааралтай.  Парламент НӨАТ-аас   хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг чөлөөлөх тухай хуулийг  2008 онд баталж  байжээ. Тэр хууль 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон байна. Хөдөө аж ахуйн зориулалттай дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлснээр тариалан эрхлэгчдэд 1,047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодис  улсын хилээр татваргүй оруулж,   нийт 281.4 орчим тэрбум төгрөг ( гаалийн албан татвар хамт)- ийн хөнгөлөлт үзүүлжээ.   


Ийм хөнгөлөлт эдэлсэн тариаланчид 2020 онд л гэхэд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ. Улмаар 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авсан байна. Үүнийг хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн машин механизм тоног төхөөрөмжийг  гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх хууль баталж хэрэжүүлсний үр дүн гэж үзжээ. 


Газар тариалан тэр дотроо үр тарианд ийм өсөлт гарсан. Гэвч техникийн шинэчлэл 65 хувьтай байна.Түүнээс гадна төмс, хүнсний ногоог тарих, хураах, соортлох ажлыг гар аргаар хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ нь  хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулдаг аж. Төмс, хүнсний ногооны өрсөлдөх чадварыг өсгөхөд техникийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон. Мөн Ковид-19 цар тахал, эдийн засгийн хүндрэл, валютын өсөлттэй байгаа үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа “шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэж  Засгийн газар үзжээ.


Хуулийн төслийг хэлэлцэн батлах явцад УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар “ Трактор, машин механизм,  тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байгаа явдал нь гаднын үйлдвэрлэгчийг дэмжсэн нөхцөл болоод байгаа юм. Цаашдаа зарим сэлбэг хэрэгслийг импортолж эх орондоо угсрах хэрэгтэй” гэж хэлж чухал санаа хөндлөө. Түүний  хэлсэн үгийг задлан авч үзвэл хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж угсардаг, засвар үйлчилгээ үзүүлдэг зарим нэг эд ангийг дотооддоо үйлдвэрлэх хэмжээний нэгдсэн төвтэй болох үүднээс дээрх саналыг дэвшүүлсэн болов уу? Хэрэв ийм төвтэй болбол импортолсон газар тариалангийн трактор, комбайн, тоног төхөөрөмжийг төмрийн хог болгон эргүүлээд тушаадаг өнөөгийн байдал өөрчлөгдөнө. Энэ талаар ямар нэг таамаглал дэвшүүлэхэд эрт байна. Гэхдээ энэ бол хийж болохгүй зүйл биш.


Монголчууд өнгөрсөн зуунд зарим нэг авто (ОХУ-д үйлдвэрлэсэн Зил-130, Газ-53) машинд Авто засварын завод (АЗЗ)-д их засвар хийж тодорхой эд ангийг дотооддоо үйлдвэрлэж байсан тохиолдол бий. Түүн лүгээ нэгэн адил хөдөө аж ахуйн трактор, комбайн, тоног төхөөрөмжид иж бүрэн засвар үйлчилгээ хийж, зарим эд ангийг дотооддоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж... Энэ бол тусгайлан авч үзэх сэдэв болов уу? Дээрх хуульд хамрагдах дараагийн салбар нь шувууны аж ахуй байгаа юм. Энэ талаар зарим нэг тоо баримтыг дурдъя.


Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг.  Түүний 52 хувь буюу 173 сая ширхэг өндгийг дотоодод үйлдвэрлэдэг юм байна. Харин 48 хувь буюу 161 сая ширхэг өндөг /Гаалийн ерөнхий газрын статистик 2019 оны мэдээ/ импортлодог аж. ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас өндөг импортлодог.


Шувууны үйлдвэрлэлийг 2010 онд 30 гаруй аж ахуйн нэгж эрхэлж байжээ. Импортын зах зээлийн үнийн өрсөлдөөний улмаас зарим нь өнгөрсөн хугацаанд үүдээ барьжээ. Одоо 9 томоохон шувууны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл  өнгөрсөн хугацаанд өндөг үйлдвэрлэл буураагүй, харин ч нэмэгдсэн байна. Гэвч энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл хийгээгүй өдий хүрчээ. 


Ийм учраас гаалийн болон НӨАТ-аас шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг чөлөөлөхөөр болжээ. Энд дурдсан тоо баримт дээр түшиглэн  газар тариаланд гарсан өсөлтийг хадгалах, шувууны аж ахуйг дэмжих бодлогын хүрээнд УИХ дээрх хуулийг баталсан байна.

Холбоотой мэдээ