Франц коронавирусний хувилбаруудтай тэмцэнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-04-26 12:19:22

ПАРИС. /Xinhua/. Франц “COVID-19”-ийн илүү хурдан халдварладаг шинэ хувилбаруудын тархалтыг хязгаарлахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, хилийн хяналтыг чангатгаж, шинжилгээний тоог нэмэгдүүлж, коронавирусний хувилбарууд эрчимтэй тархаж буй өндөр эрсдэлтэй орнуудаас ирэх бүх хүнд 10 хоног тусгаарлагдах шаардлага тавина.


Ингэснээр Чили, Өмнөд Африк, Бразил, Аргентин, Энэтхэгээс ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах бөгөөд тэднээс нисэх онгоцонд суухаасаа өмнө 36 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариуг мөн шаардах ажээ.


Францад ням гаргийн байдлаар халдварын 5.5 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 102 мянга гаруй хүн нас баржээ. Мөн халдвар авсан 30287 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 5978 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.


Өнөөдрийн байдлаар Францын 14 сая иргэн буюу хүн амын 26.8 хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бол 5.5 сая хүн хоёр тунг хоёуланг нь тариулжээ.


Францын Засгийн газар ирэх тавдугаар сарын дунд үе гэхэд 20 сая тун вакцин тарьж, зургаадугаар сарын дунд үе гэхэд 30 сая хүнийг буюу насанд хүрсэн нийт иргэдийнхээ гуравны хоёрыг дархлаажуулахыг зорьж байна. 

Холбоотой мэдээ