Оскарын шилдгүүд тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-26 09:53:41

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академийн 93 дахь удаагийн шилдгүүдийг зарлах ёслол Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т эхэлжээ. Оскарын шагнал гардуулах ёслол гурав дахь жилдээ дараалан хөтлөгчгүйгээр зохион байгуулагдаж байна.

Энэ жил шагналд нэр дэвшигчийн тоогоор арван төрлөөр өрсөлдөж буй Америкийн найруулагч Дэвид Финчерийн “Mank” кино тэргүүлжээ. Үүнээс гадна стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн төслүүд хоёр дахь жилдээ дараалан хамгийн олон төрөлд нэр дэвшээд байна. Тодруулбал, тус компаниас гаргасан кинонуудаас Оскарын шагналд 35 удаа нэр дэвшжээ. Энэ үзүүлэлтээр “Disney” хоёрдугаарт, “Amazon” гуравдугаарт оржээ.

Оскар нь 24 төрөлд шагнал олгодог ёслол юм. Шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас шинэчилсэн хэлбэрээр хэд хэдэн газар нэгэн зэрэг явагдаж байгаа аж.

Ингээд Оскарын шилдгүүдийг танилцуулъя.

“Шилдэг эмэгтэй дүр”

Америкийн жүжигчин Фрэнсис Макдорманд “Nomadland” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртлээ.


“Шилдэг эрэгтэй дүр”

Энтони Хопкинс “The Father” кинонд бүтээсэн дүрээрээ тус шагналын эзэн болов. 


“Шилдэг кино”

Оскарын шагналын гол төрөлд Хятадын найруулагч Хлоя Жаогийн “Nomadland” кино шалгарлаа. Энэ төрөлд "Promising Young Woman”, “The Father”, “The Trial of the Chicago 7”, “Mank”, “Minari”, "Sound of Metal”, "Judas and the Black Messiah” зэрэг бүтээл өрсөлдсөн байна.


“Шилдэг эх зохиол”

“Promising Young Woman”, найруулагч Эмиральд Феннел


“Гадаадын шилдэг уран сайхны кино”

Энэ төрөлд Данийн кино найруулагч Томас Винтенбергийн “Druk” кино шалгарчээ. Төрсөн  цагаас нь хойш хүмүүсийн цусанд согтууруулах ундаа дутагддаг гэсэн онолыг туршиж үзэхээр шийдсэн бүлэг найзуудын тухай өгүүлдэг байна.


“Шилдэг туслах эрэгтэй дүр”

Их Британийн жүжигчин Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртлээ.

“Шилдэг эмэгтэй туслах дүр”

БНСУ-ын жүжигчин Юн Ё-жон “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд шагналын эзэн болов. Өдгөө 73 настай жүжигчний хувьд Оскарын шагналын төрөлд анх удаа нэр дэвшсэн байна.


“Шилдэг найруулагч”

“Nomadland” киног бүтээсэн Хятадын найруулагч Хлоя Жаод уг шагналыг гардуулав. Энэ киногоороо тэрээр Гильдийн шагнал болон “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болоод байсан юм.


“Шилдэг хүүхэлдэйн кино”

Найруулагч Питер Доктер, Кемп Паэурс нарын “Soul” хүүхэлдэйн кино шалгарав. 


“Шилдэг баримтат кино”

Найруулагч Пиппа Эрлих, Жеймс Рид нарын “My octopus teacher” баримтат кино.


“Шилдэг богино хэмжээний кино”

Найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд нарын цагдаа нарын гарт өнгөт арьст иргэн амиа алдсан тухай өгүүлэх “Two Distant Strangers” кино шалгарчээ.

 


Холбоотой мэдээ