Тээврийн хэрэгслийн зорчих QR кодыг өмнөх мэдээллийн санд тулгуурлан олгоно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-04-25 17:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан тээврийн хэрэгслийг QR кодоор хөдөлгөөн оролцуулахаар талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Ингэхдээ үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарын тээврийн хэрэгслийг өмнө олгож байсан QR кодын мэдээллийн санд тулгуурлан зорчуулна. Smartcar.mn хуудсаар орж хүсэлтээ өгөөд QR кодоо авах боломжтой. 

Тухайн байгууллага хүсэлтээ ирүүлмэгц шинээр QR код өгөх аж. Одоогийн байдлаар нийт 41.593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгээд байна. Шинээр код олгох журмыг УОК-т танилцуулан эцэслэх юм байна. 



Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УОК-ын тогтоолд заасны дагуу өмнөх хөл хориотой адил төрийн байгууллагын ажилчдын 10 хувь нь ажил дээрээ ирж ажиллах бол бусад нь зайнаас ажиллана. Мөн үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынханд тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгож хөдөлгөөн зохицуулалт хийнэ гэв.



Тээврийн хэрэгслийн QR кодыг хөл хорионы 14 хоногийн турш зорчих, мөн 1 удаагийн код гэсэн хоёр байдлаар олгохоор ярьж байгаа аж. Энэ нь аймаг, орон нутагт зорчихтой холбоотойгоор нэг удаа олгох аж. Өмнө нь системд бүртгэгдсэн, код авсан бол автомашины дугаарыг оруулж зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана. Ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийг шууд цуцлахаа мэдэгдлээ. 



QR кодтой албан хаагчид 07:00-09:00 17:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцоно. Энд эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйн тээврийн хэрэгсэл хааарахгүй. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.

Хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй байх бөгөөд ажилдаа явахдаа ирэх очих маршрут мөрдаж QR код бүхий зөвшөөрөлтэй байна. 

Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын  хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан гэв. 






Холбоотой мэдээ