Аймгийн Шуурхай штабын дарга Эрдэнэмандал, Хайрхан суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-23 15:50:40

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга В.Мөнхбатаар ахлуулсан ажлын баг Эрдэнэмандал, Хайрхан суманд ажиллажээ.

Тус сумдад буяны ажлаас үүдэлтэй халдварын томоохон голомт үүсээд байгаа юм. Тухайлбал, Эрдэнэмандал суманд буяны ажилд оролцохоор Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс халдвар илэрснээр халдвар тархаж, цаг хугацааны хувьд нэлээн удсан байжээ. Аймгийн мэргэжлийн байгууллагуудаас өмнө нь томилогдсон ажлын баг тодорхой ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Эрдэнэмандал сумын хувьд нийт 200 гаруй төрийн албан хаагч, аймгаас томилогдсон 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Хайрхан суманд 156 төрийн албан хаагчаас гадна аймгийн ЗДТГ, Шуурхай штаб, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас алба хаагчид томилогдон ажиллаж байна. Тус хоёр сумын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоон, халдварын голомтыг хумих тал дээр шуурхайлан ажиллаж байна. 

Аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга В.Мөнхбат:

-Нийт сумын удирдлагуудад анхааруулж хэлэхэд, бид идэвхтэй голомтуудыг хумьж байгаа ч өөр аймгууд болон Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна. Иймд иргэдийн хөдөлгөөнд маш сайн хяналт тавьж, төрийн албан хаагч нарыг үүрэгжүүлж ажиллах, иргэдийг зөв мэдээллээр хангаж ажиллах шаардлагатай байна.

Иргэдийн дунд "Ковид-19" бол энгийн нэг хамрын ханиад юм. Гэрээрээ эмчлээд эсвэл эмнэлэгт 14 хоног хэвтээд л болоо гэсэн нийтлэг буруу ойлголтууд байна. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд ямар нэг эрсдэл байхгүй гэж хэнэггүй хандаж байгаа нь халдварын тархалтад нөлөөлж байгааг хэлж байна. Тандалтын багуудаас мэдээлэл авахад иргэд зөв мэдээлэл өгөхгүй, уулзсан хүнээ хэлэхгүй байх, маршрутаа буруу хэлэх, мал төллөлт, ноолуур самнахдаа анхаараад, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарахгүй байх, ач холбогдол бүхий мэдээллүүдийг өгөхгүй байх зэрэг нийтлэг алдаа дутагдал ажиглагдаж байна. Сумдад стандартын шаардлага хангасан тусгаарлан ажиглах байраар ашиглах барилга байгууламж байдаггүй нь 1, 2-р хавьтлыг тусгаарлахад хүндрэлтэй байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдад хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байна.

Орон нутгийн удирдлагууд, СОК, СЭМТ, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шуурхайлах арга хэмжээнүүдийг авахаас гадна ажиллаж буй алба хаагчдын сэтгэл, хандлага ч дутагдаж байгаа нь харагдаж байна гэжээ.

Холбоотой мэдээ