Гурав хоногт 300 мянган хэрэглэгчтэй боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 13:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын өртөх эрсдэлийг эрт мэдээлэх "Covid-19 ersdel" системийг гурав хоногт 300 мянган хүн гар утсандаа суулгажээ.


Энэ нь богино хугацааны үр дүн гэдгийг Google, Apple компанийн мэргэжилтнүүд онцолсон байна. Манай улсад ойролцоогоор нэг сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд тус нэмэр болох бөгөөд халдварын тархалт багасах аж.


 Covid-19 ersdel системийг хэрхэн ашиглах вэ?

Таны гар утас android үйлдлийн системтэй бол Covid-19 ersdel системийг суулгана. Харин iOS үйлдлийн системтэй бол утасныхаа Settings рүү ороод Exposure Notification-ийг идэвхжүүлэх юм.

Ингэхдээ iOS үйлдлийн систем 12,5 эсвэл 13,7 хувилбар эсвэл түүнээс хойших хувилбар дээр Settings тохиргоо хийх боломжтой. Мөн энэ системийг Монгол хэлээр ашиглах бол гар утасныхаа системийг хэлийг Монгол  болгон солино.


Хэрвээ коронавируст халдварын PCR шинжилгээний хариу эерэг гарвал УОК-оос баталгаажуулах линк гар утсанд ирнэ. Баталгаажуулах линк дээр дарж, мэдээллээ нууцлан халдвар авсан тухай ойрын хавьтлууддаа мэдэгдэх юм. Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүст хавьтал болсон тухай мэдээ ирнэ. 

Хавьтал болсон иргэд гар утсанд нь ирсэн линк дээр дарж, асуумж бөглөн, өөрийгөө тусгаарлах эсвэл шинжилгээ өгөх эсэхээ шийдэх аж.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Bluetooth-ээ байнга асаалттай байлгах шаардлагатай. Энэ үед таны байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй, цааш дамжуулахгүй.


Covid-19 ersdel систем Монгол Улсад хэрхэн нэвтэрсэн бэ?

Энэ системийг "Amazon"-ы А.Амарбаяр тэргүүтэй нээлттэй эхийг хөгжүүлдэг монгол залуус Apple болон Google -д хандаж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголд нэвтрүүлэх эхлэлийг тавьсан. УОК, ЭМЯ, ХХМТГ, “Оном сан, Гэрэгэ систем ХХК хамтран амжилттай үргэлжлүүлж, системийг энэ сарын 19-нд хэрэглээнд нэвтрүүлжээ.


Холбоотой мэдээ