Хээрийн штаб байгуулан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-23 11:48:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг  Рашаант сумын Тээл багийн Цацын-Ам гэдэг газар хээрийн штабыг байгуулан ажиллаж байна.

Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа гэнэ. Осолдсон 7 иргэний 3 хүний цогцсыг өчигдөр олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, Шүүх шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Тамгын газар, Сумын Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Тамгын газар, орон нутгийн иргэд, Их-Уул сумын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, ар гэрийн хүмүүс нийт 156 хүн,  42 автомашин, 4 мотоцикл, 4 морь, 4 завьтайгаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.


Холбоотой мэдээ