Ноосны урамшууллыг малчдын цахим бүртгэлд үндэслэн олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-21 17:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийж эхэлсэнтэй холбогдуулан ноосны урамшууллын системийг энэ оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэхээр болжээ. 

Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд өнгөрсөн онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 94.064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгджээ.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулжээ.


Өнгөрсөн онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгожээ. Баримт олгосон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23.7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22.7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэжээ.

Үндэсний үйлдвэрлэгчид 22.7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 



Холбоотой мэдээ