The Diplomat: Монголын Ерөнхийлөгч эрх баригч намыг тараах захирамж гаргав

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-21 22:32:27

ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улсад ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн  бүхэл бүтэн улс төрийн намыг /бүр эрх баригч нам шүү/ цэрэг, армитай холбоотой гэсэн үндэслэлээр хориглох гэсэн үйл явцаар шинэ зүгт эргэлээ.


Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дөрөвдүгээр сарын 18-ны өдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргажээ. Парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулсан юм. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэж яригдаж буй У.Хүрэлсүхийн эсрэг тодорхой үндэслэлүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжид дурджээ. Х.Баттулга нь МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан намаас сонгогдсон юм.


Ерөнхийлөгчийн захирамжийг Сүхбаатарын талбай дахь Төрийн ордны төв цэгт байдаг төрийн эрх мэдлийн илэрхийлэл болсон адууны дэл сүүлээр хийсэн Есөн хөлт цагаан туг бүхий танхимд танилцуулж буй "YouTube" бичлэгийг текстийн хамтаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэбсайтад байршуулсан байна. Хариуд нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын долоон гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь намынхаа Сүхбаатарын талбай, Төрийн ордны хажууд байдаг төв байрныхаа бололтой гол шатны урд зогсон мэдэгдэл хийж буй дүрсийг фэйсбүүкээр шууд дамжуулав.

 

Өөрөөр хэлбэл, асуудал огт шийдвэрлэгдээгүй бөгөөд тэмцэл улам ширүүслээ. МАН-ын Удирдах зөвлөл мөн Ерөнхийлөгчийн захирамжийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ гэж мэдэгдсэнийг news.mn мэдээллийн сайтад мэдээлжээ.

 

2021 оны зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн Х.Баттулгын байр суурийг няцаасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасны дараа тэрбээр уг захирамжийг гаргалаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ерөнхийлөгч ганц л удаа сонгогдоно гэж заасан байгаа юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг албан ёсоор арай хүлээн аваагүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч буй хэрэг болно хэмээн зарим хүмүүс бичиж байна.


Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тавдугаар сарын эхээр зарлаж, сонгууль зургаадугаар сарын 9-ний өдөр явагдах юм.


Дээрх дурдсан мэдэгдлүүдийн зарим нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэх үеэр няцаагдах магадлалтай. Гэвч Үндсэн хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй гэж яригдаж буй үйлдлүүд, мөн улс төрийн өрсөлдөгчдөө улсынхаа үндэсний аюулгүй байдалд халдаж байна гэсэн талуудын маргаан нь Монголын ардчилалд ерөнхийд нь аюул учруулж байна гэх айдсыг төрүүлээд байна.


Армийг ашигласан асуудлаар бие биенээ хардаж байна

Талууд бие биенээ цэрэг, армитай зүй бус холбоо, харилцаатай гэж хардаж буй нь энд хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. /Ерөнхийлөгчийн захирамжид Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэрээр нь дурдсан ганц хэсэгт/ У.Хүрэлсүх нь орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, намын орон нутаг дахь салбарууд, орон нутгийн цэргийн ангиудаар дамжуулан намаа “цэрэгжүүлсэн” үйл ажиллагаа явуулсан гэж тодорхойлсон байна. Мөн “энэ нам нь бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” гэжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2018 онд УИХ-ын чуулганы үеэр У.Хүрэлсүх “300 гаруй офицер цуглуулсан” хэмээн хэлж байсан нь "Твиттерт" дахин сөхөгдөөд байна.


МАН ч үүнтэй ойролцоо мэдэгдэл хийсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл хийх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ерөнхийлөгч мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний Жанжин штабт очсон” гэж хэлсэн тухай "news.mn" мэдээлжээ.


Цэрэг, армийн хүчийг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн зүй бус оролдлого хийсэн гэхээс гадна дээрх хоёр мэдэгдлийг гаргасан талууд бие биенээ Үндсэн хуулийн бус, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж үзэж байна. Х.Баттулгын захирамжид МАН нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн гэж бичжээ. Мөн МАН нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг барьцаалж, Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болгосон гэжээ.


Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгын захирамж хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн гэж мэдэгдсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс бичгээр гаргасан мэдэгдэлд Х.Баттулгын нэрлэсэн хуулиуд ч давхар дурдагдсан бөгөөд “Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл” хийсэн гэж бичжээ.


Х.Баттулгын мэдэгдэлд МАН нь төрийн байгууллагуудыг ашиглан Ардчилсан намыг хагалан бутаргасан гэж буруутгасан бол МАН-ын мэдэгдэлд “аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалсан” байна.

Нийгмийн сүлжээгээр тархсан мэдээлэл болон олон нийтийн хариу үйлдэл

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараа гаргасан Х.Баттулгын мэдэгдэл нь олон хүнд түүний улс төрийн амьдралынхаа төлөө амь тэмцэж буй мэт харагдаж магадгүй юм. Гэхдээ түүний хувьд энэхүү үйлдлээ МАН-ын эрх мэдэл рүү чиглүүлэн хийсэн нь Х.Баттулга ард түмний сэтгэл зүйг ашиглахад бэлэн буйг илтгэх мэт. Олон сонгогчид парламентад МАН мөн давамгайлж буй энэ үед МАН-аас Ерөнхийлөгч гарч магадгүй байгаа нь олон хүний санааг зовоож байна.


Ерөнхийлөгч захирамжаа дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:16 цагт yншихдаа өөрийн "Фэйсбүүк" дээрээ хийсэн лайв нь энэхүү нийтлэлийг бичих үед 12,000 удаа шэйрлэгдэж, 1,500 сэтгэгдэл цуглуулсан байна. Livetv.mn гэх пэйж дээр цацагдсан захирамж уншиж буй лайв нь харин 547,000 үзэлт авч, 23,000 лайк авч, 10,000 удаа шэйрлэгджээ. Хүмүүсийн реакцууд өөр өөр байв. Олон хүн Ерөнхийлөгчийг дэмжсэн бол бас өөр олон хүмүүс улс орноо нэгтгэх ёстой энэ үед хагалан бутаргаж байна гэжээ. МАН-ын удирдах зөвлөлийн шууд дамжуулсан мэдэгдэл нь мөн асар олон хүний уур бухимдлыг төрүүлэв. Хэдийгээр уг мэдэгдлийг Монголд шөнийн цагаар хийсэн боловч нийгмийн шударга бус байдалтай холбоотой олон зүйл дээр дуугуй байсан улс төрчид олнооороо гарч ирж мэдэгдэл хийснийг нь хүмүүс шүүмжилсэн байна.


Нэг онцлууштай зүйл нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар ярих ёстой мэргэжлийн шинжээчид нь нийтийн сүлжээ дээр санал бодлоо маш бага илэрхийлэв. МАН-ын хариу мэдэгдлийн талаар бараг нэг шинжээч үг хэлсэнгүй. МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдлийнхээ төгсгөлд “Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед аливаа хууль бус, өдөөн хатгасан, зохион байгуулттай явууллагад автахгүй байхыг нийт ард иргэддээ уриалж байна” гэсэн байна. Х.Баттулгын мэдэгдэлд МАН-ыг Ковид-19 цар тахлыг удаа дараа улс төржүүлсэн гэж дурдсан юм.


"Ковид-19"-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хоёр мэдэгдэлд хоёуланд нь дурдсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард "Ковид-19"-ийн эсрэг авсан арга хэмжээнүүдийн эсрэг жагсаалаас болж огцорсныг төдийгүй "Ковид-19"-ийн байдал Монголд ямар хэцүү болсныг сануулав. Цар тахал нь Монголчуудын хувьд улс төрд сэтгэл дундуур байгаагаа хүчтэйгээр илэрхийлэх талбар нь болж байна. Түүнчлэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд “огцорсон” гэдгээс гадна сүүлийн үед Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнээс улбаалсан Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах эсэх талаарх УИХ-ын шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн хоригууд нь "Ковид-19"-ийн хүнд хэцүү байдлаас сатааруулж байна гэж олон Монголчууд үзэж байна.


Уг нийтлэлийг антропологич, Монголын чиглэлээр мэргэшсэн Бэркли дэх Калифорнийн Их сургуулийн орон тооны судлаач Марисса Смит, Канадын Британийн Колумбын Их сургуулийн докторант Батдоржийн Булган, Канадын Британийн Колумбын Их сургуулийн Нийгмийн бодлого, Дэлхийн хэргийн магистрын хөтөлбөрийн багш Жулиан Диеркэс нар бичсэнийг орчуулан хүргэв.

Холбоотой мэдээ