Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-21 13:54:26

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын дөрвөн голомт үүсээд байсан ч сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр нэмж тохиолдол илрээгүй байна. 

Улаангом суманд 12, Өндөрхангайд 9, Бөхмөрөнд 5, нийтдээ аймгийн хэмжээнд коронавирусний 26 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн 22 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэртэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэмтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 147 хүнд, PCR-аар 142 хүнд шинжилгээ хийхэд ийнхүү коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 4212 хүнийг вакцинжуулж, 19024 метр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

Сүүлийн 24 цагт Улаангомын Адарганы постоор 63 машинтай 184 хүн нэвтэрч, 49 машинтай 127 хүн гарчээ. Коронавирусний халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор аймгийн төвд "Монос" эмийн сан, “Цагаан шувуут” хүнсний дэлгүүрийг түр хугацаагаар хааж лацдаад байна.

Холбоотой мэдээ