Зохиогч бүтээлээ ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-20 18:03:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Ажлын баг, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй, цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид оролцож, хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналаа илэрхийлсэн байна.


Ажлын баг хоёр удаа хуралдсан бөгөөд нээлттэй, цахим хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс ирүүлсэн 20 гаруй саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа дурдав. Тухайлбал, зохиогч бүтээлээ бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх; зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх; гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх зэрэг саналыг ажлын багийн хурлаар хэлэлцсэн гэв. Мөн бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх; Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байх; тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтуудын талаар хэлэлцжээ.


Мөн 1993 оны есдүгээр сарын 1-нээс өмнө туурвисан болон хамгаалалтын хугацаа нь дуусаагүй бүтээлийн зохиогчийн эрх, тоглолт (дуу авиа бүхий дүрст бичлэгт буулгаснаас бусад), фонограм, өргөн нэвтрүүлгийн хамаарах эрхийг энэ хуулийн дагуу хамгаалах болон зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн обьектын ашиглалттай холбоотой үүссэн харилцаанд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжоор төрийн өмчийн харилцааны асуудал байх тул төслөөс хасах тухай саналыг хэлэлцэн, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан байна.


Дээрхээс гадна төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх, хууль хоорондын уялдааг хангахаар зарчмын зөрүүтэй 28, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх 4 саналыг бэлтгэн томьёолсон болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.


Ийнхүү төслийн 4 дүгээр зүйлтэй холбоотой ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Түүнчлэн төслийн 7, 8 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулахтай холбоотой саналын томьёоллоор тус бүр санал хураасан. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн гарчгийн “Бүтээл ашиглах” гэснийг “Зохиогчийн эд хөрөнгийн” гэж өөрчилж, “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид “бүтээл ашиглах онцгой эрх” гэнэ/ эдэлнэ” гэсэн 13.1 дэх хэсгийг нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь дэмжив.


Мөн "Энэ хуулийн 47.1.5-д заасан сургалтыг оюуны өмчийн байгууллага болон түүнээс эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна. Сургалт зохион байгуулах журмыг оюуны өмчийн байгууллагын дарга батална” гэсэн агуулгатай 47.5 дахь хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. 


Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Холбоотой мэдээ