Барааны тэмдэг, газар зүйн заалтын хуулийг Оюуны өмчийн хуульд нийцүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-20 17:50:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2021 оны хоёрдугаар сарын 21-ний 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын багийг байгуулжээ. Ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон бусад холбогдох албан тушаалтан ажилласан байна.



Ажлын баг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан гэв. УИХ 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг баталсан бөгөөд хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн төсөлд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэв. Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, барааны тэмдэг ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгохоор зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй хоёр саналын томьёоллыг бэлтгэсэн байна.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол, төслийн 3 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол, төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол тус бүрээр санал хураан шийдвэрлэлээ. Мөн найруулгын саналаар санал хураан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ