Ши Жиньпин: Хятад цар тахлын эсрэг бусад улстай хүчин чармайлтаа нэгтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-20 11:54:04

БОАО. /TASS/. Коронавирустэй тэмцэх чиглэлд бид бусад улстай нээлттэй бодлого баримталж, сонирхогч орнуудтай хүчин чармайлтаа нэгтгэхийг зорьж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдэв.

“Хятад улс коронавирусний цар тахалтай тэмцэхдээ бусад улстай хүчин чармайлтаа нэгтгэхийг зорьж, бусад улсад чиглэсэн нээлттэй байдлаа нэмэгдүүлнэ. Түүнчлэн олон талт хамтын ажиллагааны зарчим хийгээд Дэлхийн худалдааны байгууллагын статусыг бэхжүүлэхийг дэмжиж байна” хэмээн тэрбээр Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлжээ.

Олон улсад шинээр тулгарч буй сорилтууд хүчээ нэгтгэхийг шаардаж буй учир улс орнууд тусдаа нэг талын бодлого баримтлахыг үр ашиггүй гэж Ши Жиньпин үзэж байна. “Бид цахим эдийн засаг, биотехнологи зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, таатай нөхцөл боломжуудыг ашиглах шаардлагатай байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Вакцинжуулалтын салбарт хамтран ажиллах

Үүнээс гадна коронавирусний вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хүрээнд бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж буйгаа Ши Жиньпин мэдэгдэв.

“Бид нэг завин дээр байна. Иймд вакцин үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Бид ард түмнийхээ ашиг сонирхолд онцгой анхаарал хандуулах, амь насыг нь хамгаалах, эрүүл мэндийн хөгжлийн түвшинг нь дээшлүүлэх ёстой. Цар тахал үргэлжилсээр байгаа ч бид ард нь гарах болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтыг “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор  зохион байгуулж байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, энэ удаагийн уулзалтад оролцогчид цар тахлын дараах даяарчлал, худалдаа эдийн засгийн харилцааг дэмжих, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл, ядуурлаас ангижрах олон улсын хүчин чармайлт зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулна. Уламжлал ёсоор дөрвөн өдөр үргэлжлэх чуулга уулзалтад 2000 орчим зочид төлөөлөгчид оролцож байна. 

Холбоотой мэдээ