Хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан үйлдлийг зогсоов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-20 10:30:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албатай хамтран хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан үйлдлийг таслан зогсоосон байна. Энэхүү хяналт шалгалт нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх томоохон ажил юм.

Ерөө сумын Засаг даргын А/68 тоот "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай" захирамжийн хүрээнд дээрх хяналтын ажиллагааг явуулсан байна. Энд Ерөө сумын "Өлөнт", "Харгана", "Ялбаг", "Бэрлэгийн цагаан тохой", Бугант тосгоны "Их алт" зэрэг газар хамрагджээ. Энэхүү хамтарсан хяналт шалгалтыг аймгийн Цагдаагийн газар, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан байна. Хяналт шалгалтын хүрээнд дээрх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой бэлтгэж байршуулсан 82 техник, тоног төхөөрөмжийн эздийг тогтоон хүлээлгэн өгчээ. Мөн тухайн газруудаас 10 эксковаторыг албадан буулгасан аж. Энэхүү хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ