Л.Баттөр: Батлагдаагүй мэдээллээр эрүүл мэндийн салбарынханд дарамт үзүүлэхгүй байхыг хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-19 16:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэх асуудалд тус төвийн захирал Л.Баттөр албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.


Тэрбээр "Бүх нийтийг хамарсан "Нэг хаалга нэг шинжилгээ" үйл ажиллагаанаас хойш тодорхой ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллага шалгах ажил үргэлжилж байна. ХӨСҮТ-д ямар албан хаагчид, хэрхэн арга хэмжээ авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй. Тиймээс ямар албан тушаалтан, эмч нар шалгагдаж байгааг хэлэх боломжгүй.  Аливаа асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй үед хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Цөөн тооны алдаа гаргасан байж магадгүй асуудлаас болж ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч мэргэжилтэн, цаашлаад эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж буйд бид сэтгэл дундуур байна.


Цар тахал өргөн хүрээнд тархсан энэ цагт эмч мэргэжилтнүүд үндсэн ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай. Тиймээс батлагдаагүй мэдээллийг үндэслэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнд дарамт үзүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль хяналтын байгууллагаас гэм буруутайг тогтоосны дараа бид тодорхой арга хэмжээг авах болно" гэв.

Холбоотой мэдээ