АН: Оюутолгойн асуудалд улстөржилгүй, Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-19 16:26:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр болсон бөгөөд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо.


Уг асуудлаар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын багийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, түр хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар ирж мэдээлэл танилцууллаа. 


Бүлгийн гишүүд, Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж үр өгөөжийг сайжруулах талд улстөржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байгааг тэмдэглээд төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтойг дурдав. Нөгөө талаас хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ухамсарлаж асуудалд хандах ёстойг илэрхийлээд, инэгхдээ улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахыг хүсэв. 


УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улстөржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалт нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын баг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай" хэмээв. 


УИХ-ын гишүүн Н.Ганибал, жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гэж мэрийж байхад, баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй байгааг шүүмжлэв.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засаж залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулах хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтын дүнг байнга өсгөж байна. ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй" хэмээлээ.


Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.

Холбоотой мэдээ