"Файзер" вакцины 2 дахь тунг хийлгэх иргэдэд зорчих зөвшөөрөл олгохыг УОК-оос хүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-19 12:47:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины 2 дахь тунг эхлүүлээд буйг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээллээ. Эхний ээлжинд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон онцгой байдлын, ОСГ-ны хороо хорины ажилтнуудыг хамруулж байгаа аж. Тухайлбал, эрчимт эмчилгээ, сэхээний эмч, сувилагч, ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй учир эхний ээлжинд вакцины 2 дахь тунд хамруулж байна. 


Вакцины 2 дахь тунг эмнэлгийн ажилтнуудаар эхлүүлжээ.



Улмаар нөөцөлсөн болон шинээр нэмж ирж буй вакцинаас нэг дэх тунгаа хийлгэсэн иргэдийг хатуу хөл хорионы дараа давтан тунд хамруулж эхэлнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар вакцины давтан тунг хийх цэгүүдийг зохион байгуулж байна гэв.  4 дүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 638.268 хүн вакцин хамрагдаад буйг мэдээллээ. Тэрээр вакцины хангалтын талаар мэдээлэхдээ, энэ сарын 21-нд 50400 хүн тун "АстраЗенека" вакциныг татан авах гэж байгааг хэллээ. 


"АстраЗенека", "Файзер" болон "Вероселл" вакциныг тариулсан хүмүүс давтан тунгаар тухайн тариулсан вакцинаа хийлгэх боломжтой байгааг мэдэгдлээ. Өнөөдрөөс "Файзер" вакцины 2 дахь тунг эхлүүлж байна. Тийм учраас энэ вакцины 2 дахь тунг хийлгэх иргэдийг чөлөөтэй зорчуулж өгөх талаар ЭМЯ-наас УОК албан бичгээр хандаад байгаа гэв. 




Холбоотой мэдээ