Жо Байден цаг алдалгүй вакцинд хамрагдахыг америкчуудад уриалав

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-04-19 10:28:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден америкчуудыг алгуурлан хойш тавихгүйгээр коронавирусний вакцинд хамрагдахыг уриаллаа. Түүний хэлсэн үгийг ням гаргийн орой “NBC” телевизийн вакцинжуулалтад зориулсан нэвтрүүлгээр цацжээ.  


АНУ-ын эрх баригчид насанд хүрсэн бүх иргэнээ энэ даваа гаргаас вакцинд хамруулахаар төлөвлөж байгааг Жо Байден сануулсан байна. “Вакцин үнэ төлбөргүй бөгөөд вакцин хийлгэснээр та бүхэн өөрийгөө болон бусдыг “COVID-19”-ийн халдвар, түүний шинэ хувилбаруудаас хамгаалж, эдийн засгийг сэргээх, хэвийн амьдралдаа эргэн ороход хувь нэмрээ оруулна” гэж тэрбээр хэлжээ.


“Хэрэв та вакцинд бүрэн хамрагдсан бол баярлалаа. Хэрэв та вакцин хийлгэхээр төлөвлөж байгаа бол хоёр тунгаа бүрэн хийлгэнэ үү" гэж АНУ-ын Ерөнхийлөгчид иргэддээ хандан хэллээ. "Бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч вирустэй хийж буй тэмцэл үргэлжилж байна. Бид хэдэн арван сая америкчуудыг вакцинд хамруулах шаардлагатай байна" гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ.


АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, тус улсын хүн амын 39.5 гаруй хувь нь буюу 131.2 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол 25.4 хувь нь буюу 84.2 сая нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 31.6 сая гаруй хүн халдвар авч, 567 210 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ