ОХУ Чехийн дипломат ажилтнуудыг нутаг буцаана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-19 09:28:31

МОСКВА. /TASS/. ОХУ 18 дипломат ажилтныг нь Прагаас хөөсний хариуд Москва дахь Чехийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ 20 ажилтныг “персона нон грата” /“үл таашаагдах этгээд” дипломат хэллэг/ гэж зарлав.


Тэд дөрөвдүгээр сарын 19-ны дотор ОХУ-аас гарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ. Чехийн ЭСЯ-ны 20 ажилтныг ОХУ-аас албадан гаргасны дараа ердөө 5 дипломат ажилтан үлдэнэ гэж Чехийн Ерөнхийлөгчийн тамгын газрын олон улсын асуудал хариуцсан газрын дарга Рудольф Жиндрак сэтгүүлчдэд мэдээлжээ.


Чехийн эрх баригчид ОХУ-ын ЭСЯ-ны 18 ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргаснаа бямба гарагт мэдэгдсэн юм. Оросын дипломат ажилтнууд 48 цагийн дотор тус улсаас гарах ёстой. Чехийн тусгай албаныхан тэднийг ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд болохыг тогтоосон гэж Ерөнхий сайд Андрей Бабиш, тэргүүн дэд шадар сайд Ян Гамачек нар мэдэгдсэн юм.


Дээрх шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ Чехийн Элчин сайдыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлжээ.


Үүнээс гадна, Чехийн тусгай албад 2014 онд зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Сергей, Юлия Скрипаль нарыг Их Британид хордуулсан гэж сэжиглэж буй Оросын Тагнуулын ерөнхий газрын офицерууд болох Александр Петров, Руслан Боширов нар холбоотой болохыг нотлох үндэслэлтэй сэжиг бий гэж мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ