ҮХЦ: Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших боломжгүй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-16 19:35:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. 


Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг дахин нэр дэвших эрхийг хязгаарласан заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас одоо нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт тусгах шаардлагатай гэж цэцийн гишүүдийн дийлэнх үзжээ.


УИХ-ын чуулганы хуралдаанаар цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авбал, 15 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах юм. 


Цэцийн хуралдаан 15.00 цагт шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн бөгөөд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцсон байна. 

Холбоотой мэдээ