Их Британид анх илэрсэн хувилбар хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-13 17:07:04

ВАШИНГТОН. /CNN/. Их Британид анх илэрсэн коронавирусний “B.1.1.7” хувилбар илүү хурдан халдварладаг боловч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна гэж “The Lancet” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн хоёр шинэ судалгаанд дурджээ.


B.1.1.7” хувилбараар халдварласан тохиолдолд “COVID-19”-ийн улмаас нас барах эрсдэл нэмэгдэж болзошгүйг байгааг өмнө нь өөр судалгаагаар тогтоогоод байсан юм.


Харин “The Lancet Infectious Diseases” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаануудын нэгд тэмдэглэснээр, судлаачид эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн сорьцоос “B.1.1.7” хувилбар хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо олоогүй байна. Гэвч цусан дахь вирусний түвшин өндөр байгаа нь илүү хурдан халдварладаг болохыг нь нотолжээ.


Мөн “B.1.1.7” хувилбар, “COVID-19”-ийн шинж тэмдгийн илрэх хугацааны хооронд статистикийн холбоо хамаарал байхгүй байгааг “The Lancet Public Health” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.


The Lancet Infectious Diseases”-т нийтэлсэн судалгаанд Лондон хотын эмнэлэгт коронавирусний халдварын улмаас хүргэгдсэн 496 хүнийг хамруулж, өвчтөнүүдээс 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 20-ны хооронд хамар, хоолойн арчдас цуглуулжээ. Тэдгээр сорьцын 341-ийн геномын дарааллыг шинжлэхэд 198 нь буюу 58 хувь нь “B.1.1.7” хувилбараар, үлдсэн нь бусад хувилбараар халдварласан байжээ.


Судлаачид тэдгээр өвчтөний биеийн байдлыг хянахад хоёр бүлгийн хүмүүсийн хооронд ялгаатай байдал ажиглагдаагүй байна. Тодруулбал, “B.1.1.7” хувилбараар халдварласан өвчтөнүүдийн 36 хувь нь хүндээр өвчлөх юм уу нас барсан бол бусад хувилбараар халдварласан хүмүүсийн хувьд уг үзүүлэлт 38 хувьтай байжээ. Харин судлаачид “B.1.1.7”-гоор халдварласан өвчтөнүүдийн цусан дахь вирусний түвшин нэмэгдсэн байсныг тогтоосон байна. 

Холбоотой мэдээ