Монголоор дайруулах маршрутаа “Газпром” компани зураглан гаргажээ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-04-13 14:22:56

Монголоор дамжин Хятадад хүрэх “Союз Восток” хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг “Газпром” компани баталлаа. Үүний зэрэгцээ төслийн Оросоор дамжих хэсэг болох “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой ямархуу байдалтай байх вэ гэдэг нь тодорхойгүй байна. “Газпром”-ын материалыг үзвэл, уг хоолойг Ямалын баруун хэсгээс Красноярск хүртэл тавихаар төлөвлөж байгаа бөгөөд уг маршрутын үндсэн хэсэг нь хүнгүй зэлүүд тайгаар дайран өнгөрөх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, трассыг ингэж төлөвлөсөн тохиолдолд хийн хоолойн урт нь 2 мянга гаруй км болох ба барилгын ажлын өртөг болон учрах хүндрэл бэрхшээл нь “Сибирийн хүч”-ийг барьсантай дүйцэхээр байна гэж “Коммерсантъ” сонины тоймч Татьяна Дятел дүгнэн бичжээ.


“Газпром” компани Оросоос Монголоор дамжин Хятадад хүрэх “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн ээлжит үе шатны талаарх тайлангаа танилцуулсан юм. 4 дүгээр сарын 12-нд тус компанийн мэдээлснээр, төслийн техник-эдийн засгийн судалгаа дууссан байна. Уг судалгаа нь Монголын нутаг дэвсгэрээр хийн хоолой дайран өнгөрөх оновчтой чиглэл болон түүний урт, диаметр, даралтын хүч ба компрессорын станцуудын тоог тодорхой болгох юм.

Төслийн урьдчилсан тооцоог харвал, төслийн хэрэгжүүлэх нь эдийн засгийн зохих үр ашгийг өгнө гэдгийг тус компани баталж байна.  


Төслийн дараагийн үе шат буюу техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах /ТЭЗҮ нь хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлуудыг тооцдог/ ажил он дуусахаас өмнө дуусах ёстой гэж компани мэдээлсэн юм. Гэхдээ 1 дүгээр сард Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тус компанийн захирал Алексей Миллер мэдэгдэхдээ, “ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно” гэж байв.


Компанийн төлөвлөж байгаагаар, Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх бөгөөд ОХУ-ын баруун ба зүүн нутгуудын хий тээвэрлэх дэд бүтцүүдийг холбох, одоогоор гол шугамд холбогдоогүй байгаа Дорнод Сибирийг хийжүүлэх ёстой юм. Ерөнхийд нь төслийг “Сибирийн хүч-2” гэж нэрлэж байгаа бол Монголоор дамжих хэсэг нь “Союз Восток” гэсэн нэртэй.    


Үүний сацуу Монголын хэсэг гэхээсээ илүүтэй ОХУ-ын нутгаар дайран өнгөрөх маршрут нь олон асуудлыг үүсгэж байна. “Газпром”-ын цахим хуудсанд бичсэнээр бол, хийн хоолойн эхлэлийн цэг нь баруун Ямалын ордууд болох Бованенково ба Харасавей юм. Эдгээр нь Европ руу нийлүүлж буй хийн нөөц бааз болж байдаг. Шинэ Уренгой-гийн өмнө талаар өнгөрөх хийн хоолойн төв хэсэг нь Сургут болон Новосибирскийн чиглэл дэх хоолойтой паралель биш бөгөөд барилгын ажлыг Красноярск хүртэл шув шулуун чиглэлд хийхээр харагдаж байна. Энэ чиглэл илүү богино, гэхдээ дэд бүтэц огт байхгүй газраар, тайга дундуур хоолойг тавихаар байгаа учраас илүү хүндрэл бэрхшээлтэй.

Fitch агентлагийн шинжээч Дмитрий Маринченко-гийн тэмдэглэн хэлснээр, яг одоогийн үе шатанд Монголоор дайран Хятад хүрэх хийн хоолойн ашигт ажиллагааны түвшинг үнэлэх нь хүндрэлтэй: учир нь, төсөв тодорхойгүй, нийлүүлэх хийн хэмжээ болон нийлүүлэлтийн нөхцөл нь тодорхойгүй байгаа. Гэхдээ түүний үзэж байгаагаар, энэхүү дамжин өнгөрөх маршрут нь “Газпром”-ын хувьд илүү уян хатан байх боломжийг олгоно. Учир нь, Баруун Сибирьт олборлож буй хийг Европ, Хятад хоёрын аль аль нь руу экспортлох боломжтой. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Хятадад нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн “Газпром”-ын эрмэлзлэл бол ойлгомжтой, учир нь, эрчим хүчний шилжилтээс шалтгаалан урт хугацаандаа Европ дахь хийн эрэлт багасаж магадгүй.


Москва дахь “Сколково” удирдлагын сургуулийн Эрчим хүчний төвийн хийн шинжээч Сергей Капитонов ярихдаа,“Газпром”-ын хувьд Надым-Пур-Таз-аас Новосибирск хүртэл хий дамжуулах сүлжээ бий. Лупинг буюу үндсэн хоолойтой паралель шугамыг ашиглан Баруун Сибирийн хийг Хятадад нийлүүлэх зорилгоор уг сүлжээг өргөтгөх боломжтой. Гэхдээ уг хоолойн хамрах хүрээнд Красноярск багтах уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг С.Капитонов дурдлаа. Красноярскийг газжуулах төлөвлөгөөг бүр ЗХУ-ын үед боловсруулаад байсан юм. Жишээ дурдахад, “Сибирийн хүч” хоолойг барих явцад Чита хэмээх том хотыг хийнд холбож чадаагүй билээ.  


Хэрвээ “Сибирийн хүч-2” хоолойг барихдаа Ямалаас Красноярскаар дайруулан Монгол хүртэл бүрэн хэмжээний шинэ магистраль хоолой тавихаар төлөвлөж байгаа бол энэ ажил нь учрах хүндрэл, үнэ өртгийн хувьд “Сибирийн хүч” төсөлтэй дүйцнэ гэж шинжээч таамаглаж байна.


“Сибирийн хүч”-ийн өртгийг эцсийн байдлаар хэзээ ч ил болгож байгаагүй. Эхний хэсгийн төсөвт өртөг нь 2011 оны үнээр 800 тэрбум рубль, 2 дахь хэсэг болох Ковыкта-Чаянда-гийн маршрут 2018 оны үнээр 253 тэрбум рубль болж байсан билээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.kommersant.ru/amp/4771199

Холбоотой мэдээ