Улс оронд нь хямрал нүүрлэж болзошгүйг Ким Жөн Ун анхааруулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-12 13:11:57

ЛОНДОН. /BBC/. Улс орон нь хоол тэжээлийн архаг дутагдалтай нүүр тулж, эдийн засгийн тогтворгүй байдалд орж болзошгүйг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун анхааруулаад хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ.


Намын хуралд үг хэлэх үеэрээ Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэдэн зуун мянган хүний амийг авч одсон 1990-ээд оны өлсгөлөнтэй зүйрлэжээ.


БНАСАУ коронавирусний цар тахлын улмаас хилээ хааж, эдийн засгийн амин судас болсон Хятад улстай хийдэг худалдаа нь зогсонги байдалд орсон юм. Нэмж хэлэхэд, олон улсын эдийн засгийн хамгийн хатуу хориг арга хэмжээ БНАСАУ-д үйлчилдэг.


Ким Жөн Ун чухам юу гэж ярив?

Ким Жөн Ун зовлон бэрхшээл учирч болзошгүйг хүлээн зөвшөөрөөд ард иргэдийнхээ нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлөхийн тулд “Хүнд аяны он жилүүд”-д бэлтгэлтэй байхыг албан тушаалтнуудад уриалжээ.


“Arduous March” буюу “Хүнд аяны он жилүүд” гэдэг нь Умард Солонгост 1994-1998 оны хооронд нүүрлэсэн эдийн засгийн хямралтай зэрэгцэн маш олон хүн өлсгөлөнд нэрвэгдсэн үеийг хэлдэг аж. Энэ үеэр өлсгөлийн улмаас хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй байдаг ч дор хаяж 3 саяд хүрнэ гэж мэргэжилтнүүд үздэг байна. 



Ким Жөн Ун нөхцөл байдал хүнд байгаа талаар дурдсанд гайхах зүйл байхгүй ч энэ удаад хэлж ярьж буй нь нэлээд хурц, өөр байна гэж Умард Солонгосын шинжээч Колин Звирко ярьжээ. "Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард Ким Жөн Ун үг хэлэх үеэрээ улс орондоо хангалттай өөрчлөлт шинэчлэлт хийж чадаагүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч урьд өмнө нь “Хүнд аяны он жилүүд”-тэй холбоотой зүйлийн талаар ярьж байгаагүй юм” гэж тэрбээр хэлэв.

Улс орон нь урьд өмнө нь байгаагүй хүнд нөхцөл байдалд орж, олон асуудалтай тулгараад байгаа тухай Ким Жөн Ун өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна. 

Нөхцөл байдал хэр тааруу байна вэ?

Умард Солонгосын ард түмэн хэдэн сарын туршид бэрхшээлийг даван туулахаар тэмцэж байна. Ялангуяа, хилээр нууцаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар ихээхэн ашиг олдог Хятадтай залгаа хилээс холгүй байрладаг хотуудад нөхцөл байдал хүндхэн байна.

Хөдөө орон нутгийн оршин суугчдын хүнсний гол бүтээгдэхүүн болох эрдэнэ шишийн үнэ ихээхэн хэлбэлзэж, зарим тохиолдолд нэг кг эрдэнэ шишийн үнэ сарын цалингаас давсан үнэд хүрээд байгаа аж.

“Ядуу зүдүү иргэдийн тоо олширч, зарим  хүн өлсгөлөнд нэрвэгдэн нас барж, хил орчмын бүс нутагт саван, шүдний оо, зай хураагуургүй болжээ" хэмээн Хүний эрхийн байгууллагын судлаач Лина Юн саяхан хийсэн тайландаа дурджээ.

Үүнээс гадна Умард Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын илтгэгч Томас Ожеа Кинтана илтгэлдээ, БНАСАУ-д хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөн дагуулах хоол хүнсний ноцтой хямрал нүүрлээд байгааг сануулжээ.

Тус улс ямар нэгэн тусламж авч байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. БНАСАУ гадаадын орнуудаас тусламж хүлээж авахаас татгалзсанаас гадна тус улсад байдаг НҮБ-ын Хүнсний хөтөлбөр төдийгүй хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, дипломат ажилтнууд нутаг буцсан юм.

Үүний зэрэгцээ хилээ хаасны улмаас өнгөрсөн онд Хятадтай хийсэн худалдааны хэмжээг 2018 оныхтой харьцуулахад 80 хувиар буурчээ. Умард Солонгос өнгөрсөн оны 8 дугаар сард Хятадаас нийлүүлдэг хүнсний гол бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж, удалгүй бусад хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг бараг бүх худалдааг зогсоожээ. Түүнчлэн хилээр нууцаар бараа нэвтрүүлэх явдлыг дайсагнасан авир гэж үзэж, ийм хэрэгт оногдуулдаг шийтгэлийг чангатгасан байна. 

Өнгөрсөн зун тус улсад хүчтэй шуурга дэгдсэний улмаас үер болж ургац муудсанаар хоол тэжээлийн улам их хомстолд ороход хүрчээ.

БНАСАУ-д яагаад асуудлууд гарч ирэв?

Эдийн засаг нь Засгийн газрын хатуу хяналтанд байдаг БНАСАУ нь дэлхийн хамгийн сул эдийн засагтай орнуудын нэг юм. Цэрэг, аюулгүй байдлыг хамгаалах байгууллагыг дэмжихэд чиглэсэн зардал нь Умард Солонгост асар их байдаг.

БНАСАУ коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хилээ бүрэн хаасан юм.

“Гэсэн ч Хятадтай хийх худалдаагаа дахин нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн шинж тэмдгүүд ажиглагдсан. Тухайлбал, хэдхэн сарын өмнө эрх баригчид хил орчмын худалдааны бодлогыг зөөлрүүлэх хуулийг баталсан” хэмээн Звирко ярьсан байна.

БНАСАУ хилээ хааснаар коронавирусээр халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдээд байгаа ч шинжээчид үүнд нь эргэлзэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ