Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин зорчино

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-11 09:43:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хязгаарлалт тогтоогоогүй салбарын ажилчдын автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. 


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн. Ингэхдээ, хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, ажиллахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. 


Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06.30-10.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.  


Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, ажиллах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.

Холбоотой мэдээ