Монголын эмэгтэй бөхчүүд 2 даваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-10 14:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд эхний тойрогтоо ялалт байгуулсан Монголын тамирчид дахин өрсөлдөгчдөө яллаа.


Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, Олон улсын хэмээний мастер Ц.Намуунцэцэг нар БНСУ-ын бөхчүүдээр 2 дахь ялалтаа авлаа.


Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2дугаар тойргийн барилдаанаа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 62 кг-д С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон Сёо Йоныг 6:3-аар тус тус ялав.


Азийн олимпын эрхийн тэмцээний 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн 19 настай тамирчин Болдсайханы Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Киргизийн Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга боллоо.

Холбоотой мэдээ