Хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 17:07:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.


УИХ-ын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа, Л.Элдэв-Очир нарын 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.


Ажлын баг хуулийн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёоллыг боловсруулжээ. Төслүүд нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулсан хуулийн бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, нэр томьёо тодорхойгүй, олон утгатай давхардал ихтэй, зүйл заалтууд нь хоорондоо болон бусад хуультай уялдаа муутай, зөрчилтэй байсан нь дээрх хэмжээний зарчмын зөрүүтэй санал боловсруулах үндэслэл болжээ.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж ажлын баг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн гэв.


Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгасан байна. 


Хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг шинээр томьёолон, төсөлд тусгаснаар хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах замаар хоршооллын хөдөлгөөнийг хоршоодын холбоо болон хоршооллын нэгдсэн холбоогоор дамжуулан дэмжихийг зорьсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ.


Хуулийн төслийн хоршооны хөрөнгө гэсэн зүйлийг “Хоршооны хөрөнгө, эх үүсвэр” гэсэн шинэ бүлэг болгон өөрчлөн найруулж, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх болгомжийг нээж, хоршоог өөрийн хөрөнгөтэй байх нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөл тусгажээ. Ингэснээр, хоршоо нь арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндсийг илүү тодорхой болгосон гэв.


Хоршоо гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангахад сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоршоо энэхүү хамтын удирдлагаа амжилттай хэрэгжүүлэхэд үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Бусад хуулийн этгээдийн адил хоршооны дундын эд хөрөнгийг оновчтой удирдах шаардлагатай ч хоршоонд үүсэх аливаа эрсдэлийг хоршооны гишүүн хувийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээж байдаг нь бусад хуулийн этгээдээс ялгарах онцлогтойг Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд онцолжээ.


Түүнчлэн, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан нь хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ гэж үзжээ.


“Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгийн зүгээс боловсруулсан байна.


    С.Чинзориг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ