Цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг жигд явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-08 16:34:52

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 15500 гаруй хүүхэд суралцаж байна. Суралцагчдын 84.7 хувь нь цар тахлын хөл хорионы үеэр цахим хичээлд хамрагджээ.

Энэ хичээлийн жилд аймгийн 29 сургууль, СУИС-ийн харьяа хөгжим бүжгийн коллеж, нийт 30 сургууль, 622 бүлэгт 15535 хүүхэд суралцаж байна. Үүнээс малчдын хүүхэд 6203 байна. Судалгаагаар цар тахлын хөл хорионы үеэр цахим хичээлд зарим суралцагчид хамрагдах боломжгүй байжээ.

Энэ нь гэртээ телевизоргүй, интернэтгүйгээс, малчдын зарим хүүхдүүд цахим хичээлдээ бүрэн хамрагдаж чадаагүй байна. 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 1566 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.

Энэ жилийн нэгдүгээр ангид элсэн суралцсан хүүхдүүдийн хувьд цахим хичээлийн хамрагдалт тааруу. Харин төгсөх 12 дугаар ангид 894 хүүхэд суралцаж байгаагаас цар тахлын үед халдвар хамгааллын журмыг баримтлан цахим болон танхимын сургалтад бүрэн хамрагджээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад аймгийн дүнгээр 1663 багш, ажиллагсад байгаагийн 54.8 хувь нь буюу 912 нь үндсэн багш байна.

Багш нарын хувьд цар тахлын хөл хорионы үеэр цахим сургалтуудад нийт дөрвөн удаа оролцож, суралцагчидтай цахимаар харилцан сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулсан аж.

Тус аймаг коронавирусний шар түвшинд шилжиж ирэх нэг дэхь өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг танхимаар хэсэгчилсэн байдалтай эхлүүлэх гэж байна. Аймгийн хэмжээнд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх сургууль, цэцэрлэгүүдийн багш ажиллагсдыг дархлаажуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн анги танхимыг ариутгах ажлыг хийгээд буй" гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ