Дарханы цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-08 11:09:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа.


Энэ хүрээнд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцыг шинэчилж, нийт 41 барилга байгууламжийг шинээр барих бөгөөд ажлын явц 70 хувьтай байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 19 байгууламжийн барилгыг дуусгаж, одоогоор 13 байгууламжийн барилга угсралтыг хийж байгаа аж.


“Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламж болон насос станцуудын шинэчлэл”-ийн ажлын хувьд нийт бетон цутгалтын 90, хийц бүтээц угсралтын 92, тоног төхөөрөмж угсралтын 12 хувийг гүйцэтгэж, цахилгаан, механик тоног төхөөрөмж худалдан авалтын 80 хувийг төслийн талбайд нийлүүлжээ. Үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэл, дулааны болон бохирын шугам хоолой солих ажил 87 хувьтай,  нийт шугам сүлжээний  ажлын  угсралт 10221м байна.


Түүнчлэн, Дарханы цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралтыг тоног төхөөрөмжийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Пфайфер болон Эмит түншлэлийн мэргэжилтэн, тоног төхөөрөмж нийлүүлэгч орны нийт 50-иад инженер техникийн ажилтан хийх байсан ч цар тахлын улмаас ирж амжаагүй байна. Иймд БХБЯ, төслийн удирдах нэгж УОК, НОК-т хүсэлт гаргаснаар энэ сард эхний ээлжийн долоон хүнийг хил нэвтрүүлэх зөвшөөрөл авчээ.

 

Холбоотой мэдээ