Эргүүлд гарч буй албан хаагчдын ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-08 09:46:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тархалтыг тэлэхгүй байх үүднээс 4 дүгэээр сарын 5-ны 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог дахин 7 хоног сунгахаар аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы үед дагаж мөрдөх хэдэн хэдэн зүйлд өөрчлөлт орсон. Тэдний нэг нь тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилчид, хүргэлт, дуудлагын машинаас бусад зориулалтын автомашинд зөвшөөрөл олгохыг хориглосон.

Өөрөөр хэлбэл дээрхээс бусад чиглэлийн төрийн албан хаагчид аймгийн төв дотор машинтай зорчихгүй гэсэн үг. Энэ нь нэг талаар автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдээ эрсдэлээс хамгаалсан шийдвэр боловч нөгөө талаар өдрийн хэдэн цаг гадаа зогсох төрийн албан хаагчдаа огт бодсонгүй. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрнө... 

Баруун-Урт суманд хяналтын 50 цэгт төрийн албан хаагчид эргүүлд гарч, нэг цэгт нэг албан хаагч зургаан цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Тодруулбал тухайн албан хаагч яг нэг газраа зургаан цаг зогсоно. Ингэхдээ мэдээж үндсэн үүрэг болох явган зорчигчдоос асуумж асууж, тэмдэглэлээ хөтлөх ёстой. Харин тэмдэглэл хөтлөх цаасаа тавих газар олж ядан хогийн саван дээр тавиад үүргээ гүйцэтгэж буй албан хаагчийг үнэнч гэх үү, өрөвдөлтэй гэх үү дүр зургийг та дээрх зургаас харж болно.

Хүн л юм чинь хөл нь чилж өвдөнө, өлсөж цангана. Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт муутай манайх шиг газарт суучих сандал харамсалтай нь цөөн. Гэр хороололд эргүүлд зогсож буй ажилчид сандал гээчийг мөрөөдөөд ч хэрэггүй. Угаасаа байдаггүй шүү дээ. Аргаа барахдаа зарим нэг нь айл гэрийн сандал гаргаж ирээд хөлөө амраан сууж байсан тухай хүмүүс жиг жуг хийнэ. Элсэн шороон дээр суух, ээдээ гэж халагламаар зураг ч харагдана. Энэ мэт хүнээ бодохгүй яав даа гэмээр шийдвэр олныг бухимдуулж байна. Олонд тустай байж болох ч бусдын эрх ашгийн төлөө өөр нэгнийг хохироох учиргүй. Хэдийгээр тангараг өргөсөн төрийн албан хаагч ч гэлээ тэдэнд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь хамгийн чухал. Ингэж байж тэд хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэр хэрээр үр дүнтэй байх юм шиг.

Тусгай чиг үүргийнхэн гээд цагдаа, онцгойгийнхон ч машин унасангүй. Бусдын адил хэдэн цагаар гадаа зогсоно. Гэвч тэдний эсэгрүүцлээ илэрхийлж, үгээ хэлэх эрх нь хязгаарлагдмал. Яагаад гэвэл  МӨРДӨС гэдэг үг тэдний амыг барьдаг гээд хатуухан хэлэхэд буруудахгүй.

Баруун-Урт сумын гэр хорооллын багт эргүүл хийж байсан албан хаагч руу нохой дайрсан, бусдаас ялгарах таних тэмдэг байхгүй учир иргэд үгэнд нь ордоггүй, бүр захын багт харанхуй гудманд ганцаар зогсох албан хаагч зүс таних айлаас гартаа барих мод гуйн авч нохойноос өөрийгөө хамгаалсан, шөнө оройн цагаар даарч хөрсөн гээд албан хаагчдад бэрхшээл их л тулгарч байгаа бололтой. Уг нь ийм ажилд гаргаж байгаа бол нэн тэргүүнд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Яахав зарим байгууллага өөрсдийн санаачилгаар хантааз өмсгөж, дохиур мод өгсөн байдаг. Гэвч тэр нь цөөн хэсэгт л бий. Ингээд бичээд байвал асуудал их. Ийм байдалд ажиллаж байгаа хүмүүсийг дархлаагаа сайн дэмжээрэй гэж хэлэхээс ч зовмоор... хэдэн цаг зогсоод чилж ядарсан хүмүүст ямар юмных нь дархлаа байхав.

Төрөөс түлш шатахуун нэхэхгүйгээр зүгээр өөрсдийнхөө машинтай тухайн цэгтээ зогсоод хааяа хөлөө амраагаад суучихдаг, аяга хоол цайгаа тавтай суугаад ууж идчихдэг, иргэнийхээ асуумжийг тавтайхан биччихдэг ийм байх боломжийг олгохыг л тэд хүсэж байна. Эсвэл зогсох цагийг нь ядаж хасахыг... Аан харин эргүүлд гараагүй байж зүгээр ажилдаа ирж очих нэрээр машин унаж буй хүмүүсээ хориглох нь зөв.

 

Хөл хориог сунгасан 4 дүгээр сарын 5-наас эхлэн бүх хүнсний дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 20.00 цаг болгон богиносгосон. Дэлгүүрийн хаах цагийг наашлуулсан учир иргэд 20.00 цагаас хойш гэрээсээ бараг л гарахгүй. Тэгэхээр үүнтэйгээ уялдуулаад эргүүл хяналтынхаа шийдвэрийг өөрчлөхийг хүлээж байна. Хүн харахад зүгээр зогсож буй мэт боловч олон олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулж буй энэ шийдвэрээ төр засаг эргэн хараасай гэж хүсэх хүн олон бий.

Холбоотой мэдээ