Хэрлэн сумын Халдвартын тасагт эмчлүүлж байсан таван иргэн эдгэрчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-07 23:20:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт илэрсэн коронавирусний таван тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийн тусгаарлалтын хугацаа маргааш дуусна. 


Тодруулбал, өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэний нэг нь энэ байлаа. Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, гэр бүлийн гишүүдтэйгээ тусгаарлалтад байгаа иргэдээс гарах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн байгууллагын санал дүгнэлтийг авахад гуравдугаар сарын 26-ны өдрөөс буюу Чингис хотод хөл хорио тогтоосон өдрөөс тусгаарласан өдрийг тооцож, энэ сарын 9-ний өдрийг хүртэл тусгаарлалтад байх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч эрсдэл гарах магадлалтай гэж үзэж байна.


Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллага 29 цэгт хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Засаг даргын орлогч Ц.Чогсомжав коронавирус батлагдсан голомттой бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг дархлаажуулах шаардлагатай гэв. Тиймээс вакцины хуваарилалттай холбоотой зарим өөрчлөлт хийхийг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаярт үүрэг болголоо.

Мөн энэ үеэр коронавирусний халдвар авч, Хэрлэн сумын Халдвартын тасагт эмчлүүлж байсан таван иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэнийг мэдээллээ.

Холбоотой мэдээ