Шинээр барьж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-07 16:57:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид нийслэлийн Баянгол дүүргийн XV хорооны 40 дүгээр сургуулийн баруун талд шинээр барьж буй “Спорт цогцолбор”-ын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.


2014 онд эхэлсэн уг төслийн хөрөнгө оруулалтыг 2016 онд зогсоосон бөгөөд өнгөрсөн онд “царцаасан барилгын жагсаалт”-аас гарч ажил дахин эхэлжээ.


Спорт цогцолбор үндсэн 3 хэсэгтэй. Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооны буюу оффисын зориулалттай. Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөн зам бүхий усан бассейн болон  сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3 хэмжээтэй жижиг бассейнтай, 200 үзэгчийн суудлаас бүрдэнэ. Харин  гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явуулах боломжтой, стандарт бүхий 2 спорт заалтай, 200 үзэгчийн суудалтай. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартаа үйлчлүүлэгчийн  автомашиныг байрлуулах зогсоолтой аж. Төслийн гүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байна.



Барилгыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгөхөөр товлосон ч цар тахлын улмаас ажлын явц удааширсан байна. Хил гааль хаагдсантай холбоотой усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацсан гэж БТСУХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ