Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсөж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-07 15:19:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам гурван сая 296 мянга 866 болсон бөгөөд 2010 оноос хойш жилд 2.2 хувиар өсжээ.


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгийн талаар холбогдох албаны мэдээллийг сонсов. 


Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. Хөгжлийн бэрхшээлтэй 106,4 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 3,3 хувь аж. Түүнчлэн 770,9 мянган сууцанд 897,4 мянган өрх амьдардаг. Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг байна.


Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.  


Товч мэдээ


-2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.


-2021 оны 4 дүгээр сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3 794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.


-Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5 129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4 357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1 455 зээлдэгч, үүнээс 1 101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2 547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

Холбоотой мэдээ