Ж.Байдены бүрэн эрхийн хугацаа эхэлсэн эхний 75 хоногт 150 сая тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-07 12:03:41

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн эхний 75 хоногт улсын хэмжээнд “COVID-19”-ийн 150 сая тун вакцин тариад буйг мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр тангараг өргөснөөсөө хойших эхний 100 хоногтоо 200 сая тун вакцин тарих зорилт тавиад байгаа юм.


“Вакцины нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хүргэж, вакцин тарих мэргэжилтнүүдийг дайчилж, олон нийтийг вакцинжуулах газруудын тоог нэмэгдүүлснээр бид өдөрт дунджаар гурван сая тун вакцин тарьж байна. Өнгөрсөн бямба гарагт дөрвөн сая тун вакцин тарьсан. АНУ 150 сая тун вакциныг тарьсан, 62 сая гаруй хүнийг бүрэн вакцинжуулсан дэлхийн анхны улс боллоо” гэж Ж.Байден мэдэгджээ.


АНУ-д мягмар гаргийн байдлаар 169 сая орчим тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Түүнээс 150 сая гаруйг нь Ж.Байденыг тангараг өргөснөөс хойш тарьсан ажээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д 108 сая гаруй хүн буюу хүн амын 33 орчим хувь нь вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 63 сая гаруй хүнийг /19 орчим хувь/ бүрэн вакцинжуулсан байна.


Мөн Ж.Байден 18 болон түүнээс дээш насны бүх хүнийг дөрөвдүгээр сарын 19-нөөс буюу өмнө нь товлож байснаас хоёр долоо хоног орчмын өмнөөс вакцинжуулж эхэлнэ гэдгийг мэдэгджээ. 

Холбоотой мэдээ