Завхан аймаг коронавирусний халдварын тархалтыг шар түвшинд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-06 18:27:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг халдварын голомтоо бүрэн хумьсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай, Тосонцэнгэл сумын халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтлын нийт 120 иргэний PCR шинжилгээнээс 118 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Харин тусгаарлан ажиглах байрнаас Халдвартын тасаг руу шилжүүлсэн хоёр иргэний нэг нь халдвар авсан нь батлагдаж, нэг иргэний сорьцыг дахин шинжлүүлж байна. Хоёр удаагийн PCR шинжилгээний хариугаар Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумьсан нь батлагдсан тул коронавирусний халдварын тархалтыг улбар шар түвшнээс шар түвшинд шилжүүллээ” гэв.

Ташрамд шар түвшинд шилжсэн нь халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно гэсэн үг юм.

Холбоотой мэдээ