Тариалан сум цахим гүйлтийн үйл ажиллагаанд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-06 12:33:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” үйл ажиллагаанд Тариалан сум тэргүүн байр эзэлсэн байна.  Энэ талаар тус сумын Засаг дарга З.Тэгшжаргалаас тодрууллаа.

“Аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан цар тахлын үед иргэдийг нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, өглөөний алхалт, гүйлтээр хичээллүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэхийг уриалсан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” уралдаанд манай сумынхан идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэллээ. Энэхүү цахим гүйлтэд 200 гаруй төрийн албан хаагчийнхаа 180-ыг нь татан оролцуулсан. 

Мөн ард иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэх мэт нийтдээ 250 орчим иргэн тус цахим гүйлтэд оролцсон. Бид нэг сарын хугацаанд өдөр өнжилгүй өглөөний 7.00 цагаас эхлэн гүйсэн бөгөөд төгсгөлд нь бий биелгээ биелж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байсан. Цаашид урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор спортоор хичээллэх дадлыг сум орон нутагтаа хэвшил болгож, өглөөний алхалт гүйлтээр тогтмол хичээллэх болно” хэмээн Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргал хэллээ.

 

Холбоотой мэдээ