Б.Бумцэнд: Сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-05 14:23:42

Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын Засаг дарга Батаагийн Бумцэндтэй ярилцлаа. Тэрбээр төрөлх сумандаа Засаг даргын орлогч, Засаг дарга зэрэг удирдах албан тушаалыг хашиж явсан бөгөөд өдгөө Засаг даргаар дахин томилогдон ажиллаж байна.


-Танай суманд хаваржилт хэр болж байна вэ? Мал төллөлт хэдэн хувьтай явна?

-Энэ жилийн өвөл өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цас багатай, дулаахан байлаа. Малчид маань эртний уламжлалаа дагаж өөрийн аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Завхан аймгийн Завханмандал суманд оторлож өвөлжлөө. Нийтдээ 16 өрхийн 20-иод мянган бог, бод мал отроор өвөлжсөн. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор манай сумын нийт малын тоо толгой 178.3 мянгад хүрч, өссөн дүнтэй гарсанд баяртай байгаа. Мал төллөлтийн ажил эхлэхтэй зэрэгцэн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Мал эмнэлгийн хамтарсан ажлын хэсэг малчдадаа хүрч ажиллаж, төрийн үйлчилгээг ойроос хүргэн, нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Урьдчилсан байдлаар мал төллөлт 70 гаруй хувьтай, төлийн хорогдолгүй байна.

-Малчин сумын ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сумын Засаг даргаар та дахин сонгогдон ажиллаж байна?

-2020 оны Орон нутгийн сонгуулиар Малчин сумын ард иргэд Ардчилсан намыг дэмжсэн. Бидний хувьд ирэх 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд байна. Нэг ёсондоо иргэд маань бидэнд том итгэл хүлээлгэсэн нь тохиолдлын зүйл биш байх. Тийм ч учраас сэтгэл зүрхээ зориулан ажиллахаас өөр аргагүй. Миний хувьд 2008-2012 онд Малчин сумын Засаг даргын орлогч, 2013-2016 онд Засаг дарга хэмээх хариуцлагатай ажлыг хашиж байлаа. Энэ хугацаанд олон ч ажлын ард гарсан байдаг. Тухайлбал 2010, 2015 онд сумынхаа түүхт ойг бүтээн байгуулалт, ажил амжилтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Малчин сумынхантай хамтран ажиллах, нутгийн зөвлөлүүдийг байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох чиглэлээр анхаарч ажилласан. Одоо ч гэсэн хариуцлагаа ухамсарлан илүү ихээр хичээж ажиллаж байна. Орон нутгийн сонгуулиар олон хүн биднийг дэмжиж, захиас даалгавраа өгснийг мартахгүйгээр ажил хэрэгтээ тусгах болно.

-Энэ дөрвөн жилд сумандаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулна уу?

-Малчин сумыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан сумын ИТХ-аар батлуулсан. Энэ хүрээнд олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ялангуяа сумын тэргүүлэх салбар болох мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт болохуйц ажил хийнэ. “Шинэ хөдөө-Увс” төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллан, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх, иргэдийг ашиг орлоготой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Манай малчид эрдэнэт мал сүргийнхээ буян, өвөг дээдсээс уламжлан ирсэн малч, хөдөлмөрч чанараа ашиглан элбэг дэлбэг, сэтгэл хангалуун амьдрах боломж хангалттай байгаа гэж хардаг. Малын үүлдэр угсааг сайжруулах, олон тооны биш чанартай таваарлаг мал сүргийг бий болгох, малчдыг зах зээл болон бизнесийн арга ухаанд сургах асуудалд төр засгийн бодлого шийдвэр үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ тал дээр анхаарч ажиллана.

Түүнчлэн “Хашаандаа сайхан амьдаръя’’ аяныг өрнүүлснээр сум орны өнгө төрх сайжирна. Өрх бүрт дэд бүтэц, худаг уст цэг, газар тариалан, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх гээд хийхээр төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлнэ. Ер нь бол иргэн бүр сумандаа амар тайван, ажилтай, орлоготой амьдрах орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Сумын ИТХ-аар хийсэн ажил нэг бүрийг давхар хянаж, дүгнээд явах байх.

-Сум, орон нутгийн хөгжилд ард иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллах вэ?

-Сум, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо маш чухал байна. Миний бие 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Дундговь аймгийн Гурвансайхан суманд туршлага судалж байлаа. Тэгэхэд манай сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүд ч хамт очсон юм. Гурвансайхан сумын хувьд иргэдийнхээ оролцоотойгоор ‘’Сумандаа сайхан амьдаръя” төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байсан. Иргэн бүр сумынхаа хөгжил дэвшлийн төлөө хэрхэн хөдөлмөрлөж, нутаг усаа хайрлан хамгаалдаг зэрэг хамтач сэтгэлийг нүдээр харж билээ. Иймд сум руу чиглэсэн ямарваа төсөв, төслийн ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган ажиллахыг илүүд үзнэ. Мөн төрийн зарим чиг үүргийн ажлуудыг ТББ-аар гүйцэтгүүлэхийн тулд ‘’Манлайлал залуучуудын холбоо’’, сумын ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөл, “Сувдан мэлмий” ТББ-ын үйл ажиллагааг сэргээн, удирдлага арга зүйгээр дэмжиж ажиллана.

-Энэ жил Малчин суманд бүтээн байгуулалтын ажил хэр их өрнөх вэ?

-Улсын төсвийн 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд Спорт заал барина. Мөн аймгийн ОНХС-гийн санхүүжилтээр Хар хэмийн давааны зам засварын ажлыг 50 сая төгрөгөөр гүйцэтгэхээс гадна 80 сая төгрөгөөр хөдөөгийн багт худаг уст цэг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.  

Сумын ИТХ-аар ОНХС-гийн 145 сая төгрөгөөр 16 төрлийн бараа, ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Саяхан “Сумын хөгжилд-Иргэдийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ хүрээнд дотоод нөөц боломжоо ашиглан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран олон ажил хийхээр төлөвлөлөө. Мөн олон улсын төслийн санхүүжилтээр малын халдварт, халдварт бус өвчинтэй тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малын тэжээл бэлтгэх чиглэлээр гурван байгууллагатай хамтран ажиллах гэж байгаа.

-Малчин сумын онцлог юу вэ?

-Манай сум Увс, Хяргас гэсэн хоёр том нуурын дунд оршдог. Өвөл, зуны улиралд халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, хүн малгүй дасан зохицож амьдарч ирсэн хөдөлмөрч өвөг дээдсийн удамтай. Энэ ч утгаараа ажилч хичээнгүй, ухаалаг оюунлаг, тэсвэр тэвчээртэй, байгалийн ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулж чаддаг хатуужилтай ард түмэн.

Малчин сумын Баяд үүлдрийн хонь нь 1989 онд үүлдэр болон батлагдсан бөгөөд Баруун бүс нутгийнхан үндсэн сайжруулагчаар байнга ашиглаж, мах, ноосны чиглэлийн өндөр ашиг шимт малаар тодруулж ирсэн билээ. Иймээс баяд үүлдрийн хонины ашиг шимийг нь дээшлүүлэх, үржил селекцийг нь шинжлэх ухааны үндэстэй хийх ажлыг цаашдаа зохион байгуулна.

-Нутгийн иргэддээ хандаж та юу хэлэх вэ?

-Сум, орон нутгаа удирдаж байгаа хүний хувьд иргэдтэйгээ аль болох ойр байж, санал бодлыг нь сонсон ажил хэрэгтээ тусгахыг урьтал болгоно. Төрийн үйлчилгээний байгууллагууд зан харилцаа, ёс суртахуун, шударга байдлаараа үлгэрлэгч байх ёстой. Мөн хүн бүр хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх зарчим, хариуцлагыг тавьж ажиллана. Ажил хийхэд алдаа гарахыг үгүйсгэхгүй, олны нүд хамгийн зөв хардаг. Тэгэхээр хийж хэрэгжүүлж буй ажлыг засаж сайжруулах ажил хэрэгч санал шүүмжлэлийг харамгүй хэлж байхыг иргэдээсээ хүсье. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Малчиныхан бид сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэн ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл ундарсан он жилүүд байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ