Монгол, АНУ-ын МХБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-06-15 16:47:48

АНУ-аас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Хөдөө аж ахуйн департаментын Амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албаны төлөөлөгчдийг МХЕГ-ын дарга  Ц.Шаравдорж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Бээжин дэх АНУ-ын  ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн албаны Ази номхон далайн асуудал хариуцсан бүсийн захирал ноён Мурали Бандла нь ажлаа аваад гурван сар болж байгаа бөгөөд Монголд гурав хоногийн ажлын айлчлал хийхдээ МХЕГ-ын даргатай уулзан танилцаж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, монгол америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд  хэрхэн  ажиллах талаар хөндөн ярилцав.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, “АНУ-ын ижил түвшний байгууллагын төлөөлөгчид ирж, мал амьтан, ургамлын хорио цээрийн асуудлаар уулзаж, ярилцаж байгаад баяртай байна. Хоёр тал хамтын ажиллагааныхаа хүрээнд санамж бичиг байгуулж, шинэ түвшинд хамтран ажиллана хэмээн найдаж байна. Юуны өмнө хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжин БНХАУ-ын нутаг дэвсгэрээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг авах талд хамтран ажиллахыг хүсье. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдыг АНУ-д мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлийн хамтарсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.

Харин ноён Мурали Бандла МХЕГ-ын даргын саналыг бүрэн дүүрэн дэмжин ажиллахаа мэдэгдэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд эрчимтэй, далайцтай ажиллахаа мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ