“ОПЕК+”-ийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-02 09:03:18

МОСКВА. /TASS/. “ОПЕК +” бүлгийн орнуудын сайд нарын пүрэв гарагт хийсэн онлайн уулзалтаар сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн гэнэтийн шийдвэр гарлаа. Талууд 5, 6-р сард газрын тосны олборлолтоо өдөрт 350 мянган торхоор, 7-р сард 450 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ.


Ийм шийдвэр нь газрын тосны үнийг дэмжих төдийгүй зуны улиралд үнэ хэт өсөхөөс зайлсхийх боломж олгоно гэж шинжээчид тайлбарлаж байна.


Үүнээс гадна өмнө нь сайн дураараа нэмэлт хязгаарлалт хийж байсан Саудын Араб олборлолтоо нэмэгдүүлэхээр болсон байна. Саудын Арабын Нефтийн сайдын мэдэгдсэнээр, тус улс олборлолтоо 5-р сард өдөрт 250 мянган торхоор 6-р сард 350 мянга, 7-р сард 400 мянган торхоор нэмэгдүүлнэ. “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны дараагийн уулзалтыг 4-р сарын 28-нд хийхээр товложээ.


 “ОПЕК+”-ийн орнуудын шийдвэрийн дараа нефтийн үнэ өсөж эхэлсэн байна. Пүрэв гаргийн орой гэхэд “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 64.4 орчим ам.доллар болжээ. Үүнээс өмнө нефтийн үнэ хэд хоногийн турш хэлбэлзэлтэй байсан бөгөөд 3-р сарын 31-нд нэг торх нь 64.5 ам.доллароос 62.75 ам.доллар болж огцом унасан юм.


 


Холбоотой мэдээ