Дорноговь, Өмнөговь руу аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн зорчуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-01 17:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотоос гарах, орох зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж буй талаар УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. 

Улаанбаатар хотоос гарах иргэдийг буяны ажил, эрүүл мэндийн байдал, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солигдох шалтгаанаар PCR шинжилгээг үндэслэн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлж байна. 

УОК-ын энэ оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлээр хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн хангах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу дээрх шалтгаанаар зорчих зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас шууд олгож байсныг өнөөдрөөс эхлэн тухайн аймгийн Онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийг үндэслэн УОК-ын Шуурхай штабаас олгохоор болж байна.

Дорноговь аймаг руу зөвшөөрсөн хүрээнд зорчих, тээвэр хийх иргэд, ААН аймгийн Онцгой комиссоос заавал зөвшөөрөл аван УОК-оос зөвшөөрөл гаргуулах юм. Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн шалтгааны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөний эрчмийг бууруулах шаардлага тулгарч буйг онцолж, ийм шийдвэр гаргаж буйг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээллээ. 


Нийслэл руу зорчих хөдөлгөөний хувьд, халдвар илрээгүй "Ногоон бүс"-ээс ирж байгаа иргэдээс асуумж аван нэвтрүүлж байна. Харин өвчлөл бүртгэгдсэн халдварын тархалттай "Улаан түвшин"-д шилжсэн аймаг, орон нутгаас зорчин ирж буй иргэдээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. "Улаан түвшин"-д шилжсэн зарим аймагт PCR шинжилгээ авах лаборатори байхгүй байгаа учир ийнхүү түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. 

Нийслэлийн ойр орчмын Багануур, Багахангай, Налайх дүүргээс болон Хан-Уул дүүргийн 12-14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг иргэний үнэмлэх, гэрийн хаяг зэргийг үндэслэн нэвтрүүлнэ. Мөн ААН, байгууллагын ажилтан, ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлт, ажлын үнэмлэхийг үндэслэн асуумж аван нэвтрүүлэх аж. 




Холбоотой мэдээ