УОК: Хөл хорио тогтоохгүйгээр зарим салбарын ажлыг хязгаарлах санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах саналаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж буй тухай Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Гамшгийн үеийн бэлэн байдлын "улбар шар" түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна. Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн ажлыг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг УОК-ын Шуурхай ажлын баг гаргажээ.
Ингэхдээ, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгажээ.
УОК-ын Шуурхай ажлын багаас гаргасан дээрх саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэх бөгөөд Төрийн ордонд эл асуудлаар яг одоо хуралдаж байна.
Ташрамд дурдахад, Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй юм.