Хар-Ус нуур орчим амьдарч буй малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн судалгааны төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулах, дасан зохицоход хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх,
тэдний амьжиргааг сайжруулах боломжийг судалж, бодлогын зөвлөмж гаргах
судалгааны төслүүдийг сонгон шалгаруулжээ.
Тодруулбал,
уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд Монгол Улсын хөдөө аж
ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй, малчин өрхийн
амьжиргаа эн тэргүүнд өртөж буй.
Нөгөө
талаас малын тоо толгойг хязгаарлаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээр, усны
нөөцийг зөв зохистой ашиглаж хайрлан хамгаалахад малчдын үүрэг, оролцоог
нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Үүнд
малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн ялгаа, түүнээс үүдэн
байгаль орчноо хамгаалахад оруулж буй онцлог хувь нэмрийг харгалзах, уур
амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тэднийг дэмжих арга замыг зөв оновчтой
тодорхойлох нь чухал. Иймээс 2018 онд
болсон “Тогтвортой хөгжлийн зорилт: Жендэр ба хөгжил” олон улсын
бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал”-д тал нутгийн экологийн
тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн
үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах стратегийг жендэрийн мэдрэмжтэй байдлаар нэн
даруй боловсруулан хэрэгжүүлэхийг уриалсан аж.
Улмаар Монгол Улсын
Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос судалгааны төслийн сонгон
шалгаруулалт зарласан ба шалгарсан төслүүд Ховд, Архангай, Өвөрхангай,
Өмнөговь, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих юм.
Эрдэмтэн
судлаачдаас ирүүлсэн 28 төслөөс судалгааны баримтад түшиглэн асуудлыг
шийдвэрлэхэд чиглэсэн, урьд нь хийсэн ажлуудтай давхцаагүй шинэлэг, онолын
төдийгүй туршлагад нийцсэн байдал болон бусад шалгуурыг хангасан таван төслийг
шалгаруулж, тус бүр 2.500 ам.долларын тэтгэлэг олгож байгаа бөгөөд үр дүнг 2021
оны хагас жилд багтаан Жендэр судлаачдын симпозиумаар хэлэлцүүлэх аж.
Ийнхүү шалгарсан
судалгааны төслүүдийн нэг бол Ховд их сургуулийн багш, доктор З.Бурмаагийн “Хар-Ус
нуурын районд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицож, амьжиргаагаа дээшлүүлэх боломж” гэх төсөл байна.
Тус
төслийн үйл ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх ба
тавдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.
Төслийн
хүрээнд ус, намгархаг газрын экосистем, нуурыг түшиглэн амьдарч буй малчин
өрхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн судалгаа
хийх, байгальд ээлтэй аялал жуулчлалд татан оролцуулж орлогынх нь эх
үүсвэрийг нэмэгдүүлэх талаар шинэ мэдлэг мэдээлэл олгохоор зорьж
буй.
Хар-Ус
нуурын байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Манхан, Буянт, Мянгад,
Дөргөн, Чандмань сумын нутгийг дамнан оршдог. Хар-Ус нуур нь байгалийн
үзэсгэлэнт тогтоц, унаган төрх, нэн ховор болон ховор амьтан, ургамлын
зүйлээрээ дахин давтагдашгүй гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Иймээс
тус бүс нутагт амьдарч буй малчин өрх, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих замаар
иргэдийн оролцоотой байгаль хамгааллыг бий болгох, түгээн дэлгэрүүлэх нь
төслийн онцлох тал аж.